Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон БНСУ-ын уул уурхайн нөхөн сэргээлтийн корпораци хооронд хамтран ажиллах санамж бичгийг шинэчлэн байгууллаа
Уурхайн ашиглалтаас үүдсэн байгаль орчны хохирол, бохирдлыг арилгах, нөхөн сэргээх, хаагдсан уурхайн бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг дэмжих чиглэлээр Монгол Улстай хамтран ажиллаж байгаа БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яамны харьяа Уул уурхайн нөхөн сэргээлтийн корпорацийн Ерөнхийлөгч И Чон Рюун болон бусад төлөөлөгчдийгУУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Г.Нандинжаргал“Монгол Улсын Засгийн газраас хариуцлагатай, ил тод уул уурхайг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байгаа. Энэ нь уурхайн ашиглалтаас байгальд орчинд үзүүлэх сөрөг нөлөөг арилгах, бууруулах, нөхөн сэргээлтийг өндөр түвшинд, стандартын шаардлагад нийцсэн байдлаар гүйцэтгэх шаардлагыг үүсгэж байна. Тиймээс та бүхний гүйцэтгэж байгаа ажил бидний зорилтдоо хүрэхэд хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Мөн БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яамны харьяа Уул уурхайн нөхөн сэргээлтийн корпорациУул уурхайн яам /хуучнаар/-тай 2014 оны 07 дугаар сард байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийг өнөөдөр шинэчлэн байгууллаа. Энэхүү санамж бичиг нь уурхайн нөхөн сэргээлт, хаагдсан уурхайн бүс нутгийг хөгжүүлэх, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгтэй хоёр тал санал нэгдлээ.