Гашуунсухайт боомтоор нүүрс экспортолж эхэллээ
Монголын нүүрс экспортын гол суваг Гашуунсухайт боомтоор нүүрсний экспорт өнөөдрөөс албан ёсоор эхэлж байна. Тус боомтоор хоёрдугаар сарын 10-наас хойш буюу сар хагасын хугацаанд нүүрсний экспорт тасалдсан юм.
Эхний ээлжинд Гашуунсухайт боомтоор өдөрт 70 машин гаргахаар төлөвлөжээ. Нүүрсний экспортыг гагцхүү чингэлэг тээврээр хийхдээ нэг машинд дунджаар 80 тонн нүүрс ачна гэдгийг Гашуунсухайт боомтын газар мэдээллээ. Чингэлэг тээврээр нүүрсний экспорт хийхдээ жолооч машинаас бууж, суух шаардлагагүй төдийгүй Хятадын талд нүүрстэй чингэлгийг хоосон чингэлгээр шууд солих юм. Ингэснээр ариутгал, халдваргүйжүүлэлтийг чанд горимыг сахиж тухайн машин хилээр гарсан өдөртөө буцаж орж ирнэ.
Одоогийн байдлаар Гашуунсухайт боомтоор арав гаруй машин хилээр нэвтэрсэн байна. Албан ёсны экспорт эхлүүлэхээс өмнө өнгөрсөн бямба гаригт (2020.03.21) туршилтаар цөөн тооны машин гарчээ.
Улсын онцгой комиссын шийдвэрээр дөрөвдүгээр сарын 1 хүртэл Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор нүүрс тээвэрлэлтийг түр журмаар хийхээр болсон. Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын мэдээлснээр, түр журмыг хангасан тээврийн компаниуд нүүрс тээвэрлэлт хийх ба хоёр хилийн боомтоор өдөрт нийт 500 тээврийн хэрэгсэл нэвтрэх юм. Тодруулбал, Гашуунсухайт боомтоор 300 тээврийн хэрэгсэл, Шивээхүрэн боомтоор 200 тээврийн хэрэгсэл гарч өдөртөө орж ирэхээр бэлтгэл байдлыг хангасан талаар мэдээлж байсан.