УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД ГЭЛЭНГИЙН ЁНДОН ТАМГАА ГАРДАН АВЧ ҮҮРЭГТ АЖИЛДАА ОРЛОО
Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд Засгийн газрын сайд нарыг Ерөнхийлөгч болон УИХ-д танилцуулснаар шинэ Засгийн газар бүрдлээ. Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдаар Гэлэнгийн Ёндон томилогдож УИХ-д тангарагаа өргөсөн юм.
ЗГХЭГ-ийн дарга Л.Оюун-Эрдэнэ шинээр томилогдсон Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Гэлэнгийн Ёндонд төрийн тамга гардуулан өгч амжилт хүслээ. Тэрбээр хэлэхдээ “Өмнөх сайд Долгорсүрэнгийн Сумъяабазар маш сайн ажилласан. Цаашид энэ үйл хэргийг үргэлжлүүлэн сайн ажиллана гэдэгт итгэлтэй байна. Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны нууруун дээр Монголын эдийн засаг байдаг. Мөрийн хөтөлбөрийн хувьд үндэсний баялагийн сан бий болгож иргэддээ байгалийн баялгийг тэгш хуваарилах үндсэн хуулийн өөрчлөлтийг хийж байгаа. Энэн дээр манлайлан ажиллах ёстой” гэдгийг онцлон тэмдэглэлээ.
Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Гэлэнгийн Ёндон “Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд яамны хийсэн ажил, цаашид тавьж байгаа зорилго зорилттой би танилцлаа. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн хугацаанд яам чамгүй ажилласан гэдгийг сая хэллээ. Үүнтэй ч би санал нэг байна. Уул уурхайн салбар Монгол Улсын зүрхний норматив салбар. Дотоодын нийт бүтээгдэхүүний 25 орчим хувь, экспортын 90 орчим хувийг бүрдүүлдэг. Тийм учраас уул уурхайн салбар хэрхэн баялаг бүтээхээс, яаж ажиллахаас хамаарч улс эх орны эдийн засаг хамаарна. Тиймээс мэргэжлийн дэмжлэг туслалцаа үзүүлж ажиллаарай”хэмээн яамныхаа нийт хамт олноос хүссэн юм.