УУХҮ-ИЙН САЙД Г.ЁНДОН ЭЛЧИН САЙД Х.КОБАЯШИГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон Япон Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Кобаяши Хироюкиг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд, Элчин сайд Х.Кобаяши Монгол Улсын Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайдаар томилогдсонд амжилт хүсээд, хоёр орны стратегийн түншлэлийг улам бэхжүүлж, эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлд нягт хамтран ажиллахын төлөө байгаагаа илэрхийлэв. УУХҮ-ийн сайд Г.Ёндон талархал илэрхийлэн, гуравдагч хөрш буюу стратегийн түнш Япон оронтой өргөн хүрээнд харилцаж, уул уурхайн салбарын хамтын ажиллагаа өргөжин хөгжинө гэдэгт итгэж буйгаа дурдсан.
“Нүүрсийг хуурай аргаар баяжуулах туршилтын төсөл”-ийн санамж бичгийг 2017 онд Уул уурхайн яам, Японы НЕДО байгууллага хооронд байгуулсан ч, уг төсөл 2021 он болтол хойшилсон. Уг төслийг үргэлжүүлэн дэмжиж ажиллахыг ноён Х.Кобаяши уулзалтын үеэр хөндөв. Говийн аймгуудад нүүрс баяжуулах үйлдвэр барихад усны асуудал хүндрэлтэй, олон нийтийн зүгээс ч асуудал дагуулдаг учраас хуурай аргаар баяжуулах уг төслийг монголын нутагт хэрэгжүүлэхэд зохимжтой, судлах шаардлагатай буйг тодотгов. Мөн Монгол Улсын Засгийн газраас уул уурхайн салбарт баримталж буй бодлого, үйл ажиллагааны талаар сайд Г.Ёндон танилцууллаа.