АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН АНХААРАЛД

АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН АНХААРАЛД

 Улсын онцгой комиссын даргын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “Ажилчдын ээлж солих тухай” 41 дүгээр тушаалаар ээлж солих ажлыг шуурхай зохион байгуулахыг даалгасны дагуу Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас уурхайн ажилчдын ээлж солилтыг нэгдсэн зохион байгуулалтаар ханган ажиллаж байна. 

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын 6 дүүргийн Эрүүл мэндийн төвтэй хамтран 2021 оны 2 дугаар сард ээлжинд гарах ажилчдыг PCR шинжилгээнд 2 дугаар сарын 4, 5, 6, 7-ны өдрүүдэд хамруулах хуваарийг гаргасан.

 Гэтэл зарим аж ахуйн нэгжүүд хуваарилсан цэгүүдийн шинжилгээнд ажилчдаа хамруулахгүй, хариуцлагагүй байдал гаргаж байгаагаас Нийслэлийн Эрүүл мэндийн газрын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, цар тахлын халдварын тархалттай, шинжилгээ авах цэгүүдийн хүрэлцээ муу, ачаалалтай энэ үед үүргээ гүйцэтгэж буй эрүүл мэндийн салбарын ажилчдын ажлыг үл хүндэтгэсэн байдлыг гаргаж буй нь уул уурхайн ээлж солих ажлыг хамтран зохион байгуулагч талуудад үл итгэлцэл үүсгэж байна.

Мөн хуваарилсан цэгүүдээс гадуур бусадтай хавьталд оруулан ажилчдыг шинжилгээ өгүүлсэн байдал зарим аж ахуйн нэгжид гарч байна. Ажилчдын ээлж солилтыг нэгдсэн зохион байгуулалтад оруулснаар ажилчдыг бусадтай хавьталд орохоос сэргийлж, халдварын эрсдлээс хамгаалж, аж ахуйн нэгжүүдийг нэгэн зэрэг орон нутаг руу зорчуулах, тухайн орон нутагт олон удаагийн зорчилтын давтамжийг багасгах, бусадтай хавьталд оруулахгүй ээлжинд гаргах, уул уурхайн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх нөхцлийг бүрдүүлж, аж ахуйн нэгжүүдэд тодорхой дэмжлэгийг үзүүлж байна.

Уул уурхайн ажилчдын ээлж солих ажиллагааг богино хугацаанд, халдвар хамгааллын дэглэмийн хүрээнд шуурхай зохион байгуулах үүднээс ээлж солих аж ахуйн нэгжүүдийг нийслэлийн 4 дүүрэгт хуваарилж, Багануур болон Налайх дүүргээс ээлжинд гарах ажилчдын шинжилгээг тухайн дүүрэгт нь авах нөхцлийг хангаснаар цаашид тодорхой давтамтайгаар ээлж солиход хуваарьт дүүргүүдтэйгээ байгуулсан гэрээний дагуу ажилчдын шинжилгээг шуурхай өгөх, ээлж солих бэлтгэл ажлын хугацааг хэмнэх нөхцлийг бүрдүүлж байна.

Цаашид уул уурхайн салбарын ажилчдын шинжилгээний төвлөрсөн цэгийг байгуулах, уул уурхайн ажилчид нэг цэгээс ээлжинд гарах саналыг боловсруулж,  цар тахлын үеийн стратеги төлөвлөгөөнд тусган Засгийн газар, УОК-т танилцуулж байна.

Иймд уул уурхайн үйл ажиллагааг эрсдэлгүй, тасралтгүй, хэвийн үргэлжлүүлэхэд тус салбарын аж ахуйн нэгж, уурхайчид, тэдний гэр бүл, энэ салбарт ажилладаг бүх шатны ажилчид, албан хаагчдын нийгмийн хариуцлага тул дээд байгууллагадаа хүсэлт тавьж нэгдсэн зохион байгуулалтад орж буй аж ахуйн нэгжүүд хуваарилсан цэгт ажилчдын шинжилгээг өгөөгүй, тухайн Эрүүл мэндийн төвтэй гэрээ байгуулаагүй тохиолдолд цаашид нэгдсэн зохион байгуулалтын ээлж солих аж ахуйн нэгжийн жагсаалтад хамрагдахгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.

 

 

ГАМШГААС ХАМГААЛАХ УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН УЛСЫН АЛБА