УУХҮЯ-НЫ ШУУРХАЙ ХУРЛААР 13 АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 7 хоног бүрийн ээлжит шуурхай хурал боллоо. Уг хурлаар 13 асуудлуудыг хэлэлцсэн бөгөөд эдгээр ажлын хэрэгжилт дунджаар 52 хувийн гүйцэтгэлтэй байна.
Тухайлбал, шинэ нисэх буудлын түлш хангамжийн асуудлыг судлах, хайгуулын тусгай зөвшөөрлийг нэмэгдүүлэх асуудлыг судалж танилцуулах, газрын тос дамжуулах хоолойн сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлт ирүүлэх урилгыг олон улсад зарлах, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийн ажлын хэсэгт ажиллах, Биржийн тухай хуулийн төслийн ажлын хэсэг байгуулах, газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцын танилцуулга бэлтгэх, төсвийн хөрөнгөөр хийх геологийн судалгааны ажлын тендерийг зарлах, алтны салбарт үйл ажиллагаа эрхлэгч аж ахуй нэгжүүдэд хөнгөлөлттэй санхүүжилт олгох журмыг Монгол банктай хамтран эцэслэх асуудлууд багтаж байгаа юм. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон дээрх асуудлуудтай холбоотой ажлын явцтай танилцан чиглэл өгч, ажлыг цаг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэх үүрэг, даалгавар өглөө.