Ч.Цогтбаатар : Дэвшилтэт техник, технологи, инновацыг дэмжихийн тулд тогтвортой эрх зүйн орчин шаардлагатай
УУХҮЯ-ны Уул уурхайн бодлогын газрын Техник, технологийн хэлтсийн дарга Ч.Цогтбаатартай ярилцлаа.
-Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Техник, технологийн хэлтсийн хариуцдаг гол ажил юу вэ?
-Манай хэлтэс Уул уурхайн бодлогын газрын бүтцэд ажилладаг. Засгийн газрын 2020 оны есдүгээр сарын 16-ны өдрийн 105 дугаар тогтоолоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тооны хязгаарыг баталсан юм. Яамны зохион байгуулалтын бүтцэд Уул уурхайн бодлогын газартай, тус газар нь Техник, технологийн хэлтэс ажиллахаар болсон. Техник, технологийн хэлтэс нь ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх бодлого, ашигт малтмалын ашиглалт, баяжуулалт, салбарын техник, технологи, аюулгүй ажиллагаа, дэд бүтцийн төлөвлөлт, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчин, нөхөн сэргээлт, уурхайн хаалтын менежмент, уул уурхайн бүтээгдэхүүний худалдаа, экспорт, хууль тогтоомж, урт, дунд хугацааны стратеги боловсруулах, бодлогын удирдамжаар хангах чиг үүргийг хэрэгжүүлж ажиллаж байна.
-Геологи, уул уурхайн салбарт техник, технологийн чиглэлийн ямар төсөл, хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа вэ? Тэднээс амжилттай хэрэгжиж, үр дүнд хүрч буй ямар төслийг нэрлэх вэ?
-Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг 2014 онд УИХ-ын 18 дугаар тогтоолоор баталсан. Уг бодлогоор эрдэс баялгийн салбарт “олборлох, боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлд хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай, орчин үеийн дэвшилтэт техник, технологи, инновацийг дэмжих” зарчим баримтлахаар тусгагдсан юм. Мөн хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай техник, технологийг ашиглах, шинжлэх ухаан, техник, технологийн ололтыг нэвтрүүлж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, эрдэс баялгийн боловсруулалтын түвшинг дээшлүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийг бодлогоор дэмжих зэрэг зорилтыг хэрэгжүүлэхээр тусгасан.
-Үе үеийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт одоо ажиллаж байгаа үйлдвэр, уурхайд техник, технологийн шинэчлэлт хийж бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, үр ашгийг дээшлүүлэх зорилтууд бий. Өөр тодруулж хэлэх ямар зорилт байна вэ?
-Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг УИХ-ын 2020 оны 24 дугаар тогтоолоор баталсан. Хөтөлбөрт Оюутолгойн далд уурхай, Цагаан суваргын зэс, молибденийн орд, Зүүн цагаан дэлийн жоншны далд уурхайг ашиглалтад оруулах, Багануур, Шивээ- Овоогийн нүүрсний уурхайд өргөтгөл хийж, олборлолтын хүчин чадлыг нэмэгдүүлж өртөг, зардлыг бууруулах, Салхитын мөнгөний ордыг төслийн хүчин чадалд хүргэж ашиглах, “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын ил уурхай, баяжуулах үйлдвэр, засвар механикийн заводод өргөтгөл, шинэчлэлийг хийж, үйлдвэрлэлийн хүчин чадал, өгөөжийг нэмэгдүүлэх, Тавантолгойн нүүрсний бүлэг ордын дэд бүтцийг бүрдүүлж, үйлдвэрлэл, технологийн парк байгуулах ажлын хүрээнд нүүрс баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулах зэрэг зорилтууд багтсан.Мөн дээрх зорилтоос гадна зэс хайлуулах үйлдвэрийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглүүлэн байгуулах, хар төмөрлөгийн /кокс, ширэм, шууд ангижруулсан төмөр/ үйлдвэрлэлийг Дархан-Уул, Орхон, Дорноговь аймагт байгуулах, үнэт металл цэвэршүүлэх үйлдвэрийг барьж байгуулах зэрэг өндөр технологи бүхий ашигт малтмалыг гүн боловсруулах үйлдвэрүүдийг байгуулахаар төлөвлөсөн. Энэ нь олборлох үйлдвэрлэлийн салбараас боловсруулах үйлдвэрлэлийн салбар руу шилжих шилжилтийн буюу нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл рүү чиглэсэн зорилтууд юм. Цаашдаа Монгол Улс боловсруулах үйлдвэрлэлийн технологийг өөрийн оронд нутагшуулж эцсийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж дотоодын хэрэгцээгээ хангах улмаар зах зээл томтой хөрш орнуудад экспортлох боломж нөхцлийг бүрдүүлэх шаардлагатай.
-Ерөнхийд нь авч үзвэл уул уурхайн салбарт олборлолт, баяжуулалтын олон улсын шилдэг технологи хэдийнэ нэвтэрсэн гэж үзэж болохоор байна. Тийм үү?
-Шинэ технологийн хувьд авч үзвэл зэсийн бага агуулгатай, исэлдсэн хүдэр дэх зэсийг хүхрийн хүчлийн сулруулсан уусмалаар уусган баяжуулж катодын зэс үйлдвэрлэх технологийг Монгол-Америкийн хамтарсан Эрдмин ХХК 1997 оноос хэрэгжүүлж байна. Ачит Ихт ХХК 2014 оноос мөн технологиор катодын зэс үйлдвэрлэж байна. Цаашид Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ, Зэс эрдэнийн хувь ХК, Монголын алт /МАК/ ХХК Эрдэнэтийн Овоо, Цагаан суваргын ордын бага агуулгатай исэлдсэн хүдрийн нөөцөд тулгуурлан уг технологийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Алтны бага агуулгатай хүдрийг цианид натрийн сулруулсан уусмалаар уусган баяжуулж алт ялган авах технологийг Канадын хөрөнгө оруулалттай Бороо гоулд ХХК манай улсад нутагшуулсан. Одоо манай улсад Степ голд ХХК Дорнод аймгийн Цагаан Овоо сумын Алтан цагаан Овоо ордод, Баян Айраг эксплорейшн ХХК Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт орших Баян-Айрагийн алтны ордод уг технологийг хэрэгжүүлж байна. Мөн алтны үндсэн ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч зарим компани уг технологийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Ураныг газрын гүнд хүхрийн хүчлийн сулруулсан уусмалаар уусган баяжуулж шар нунтаг үйлдвэрлэх технологийг Франц-Монголын хамтарсан Бадрах Энержи ХХК хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Оюу толгойн далд уурхайд блокоор нураах технологийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Тэсрэх материал үйлдвэр- лэлтийн чиглэлийн Бласт, Мера, Повер Бласт, Спейшл Майнз зэрэг үндэсний компани бий болж олон улсад хэрэглэдэг шилдэг технологийг дотооддоо нутагшуулан, тэсрэх материал үйлдвэрлэн дотоодын хэрэгцээгээ хангаж гадагш урсах валютын урсгалыг хааж байна. Зарим уурхайд өөрийн дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах үйлдвэртэй болсон байна.
-Сүүлийн жилүүдэд төрийн өмчит компаниуд, ялангуяа Багануур, Шивээ-Овоо зэрэг компани техник, технологийн шинэчлэлүүдийг хийсээр байна. Яамны зүгээс энэхүү шинэчлэлд ямар дэмжлэг туслалцаа үзүүлж байна вэ?
-Багануур, Шивээ Овоогийн нүүрсний уурхай бол төвийн бүсийг цахилгаан, дулааны эрчим хүчээр хангадаг гол станцуудыг түүхий эдээр хангадаг үндсэн эх үүсвэрүүд. Тийм учраас эдгээр хоёр уурхайд техникийн шинэчлэлт хийх, өртөг зардлыг бууруулах, хүчин чадлыг нэмэгдүүлэх нь чухал ач холбогдолтой. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Багануур, Шивээ- Овоогийн нүүрсний уурхайд өргөтгөл хийж, олборлолтын хүчин чадлыг нэмэгдүүлж өртөг, зардлыг бууруулах зорилт арга хэмжээ тусгагдсан талаар дээр дурдсан. Яамны зүгээс эдгээр төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Тэдгээр хоёр уурхайн санхүү, эдийн засгийн байдалд дүн шинжилгээ хийх, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах Ажлын хэсгийг яамны зүгээс томилж ажиллуулсан. Техник, технологийн байдалд дүн шинжилгээ хийх, цаашид авах арга хэмжээний талаар санал дүгнэлт гаргах Ажлын хэсгийг байгуулж ажиллуулна. Яамнаас томилсон Ажлын хэсгийн санал дүгнэлт тухайн хоёр компанийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
БЛАСТ , МЕРА , ПОВЕР БЛАСТ , СПЕЙШЛ МАЙНЗ ЗЭРЭГ ҮНДЭСНИЙ КОМПАНИУД ОЛОН УЛСАД ХЭРЭГЛЭДЭГ ШИЛДЭГ ТЕХНОЛОГИЙГ ДОТООДДОО НУТАГШУУЛАН, ТЭСРЭХ МАТЕРИАЛ ҮЙЛДВЭРЛЭН ДОТООДЫН ХЭРЭГЦЭЭГЭЭ ХАНГАЖ ГАДАГШ УРСАХ ВАЛЮТЫН УРСГАЛЫГ ХААЖ БАЙНА
-Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичигт байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай, дэвшилтэт техник, технологи, инновацийг дэмжих замаар ашигт малтмалын хайгуул, олборлолт, боловсруу лалтын чанарыг дээшлүүлнэ гэж тусгасан. Гэвч хэрхэн дэмжих зохицуулалт байдаггүй. Ямар зохицуулалт байх шаардлагатай вэ?
-Манай улсын хувьд зам тээврийн дэд бүтэц бүрдээгүйгээс шалтгаалан байгаль орчинд тодорхой хэмжээний сөрөг нөлөө үзүүлэх тохиолдол байсаар байна. Тиймээс зам тээврийн дэд бүтцийг бүрдүүлэх асуудал чухал ач холбогдолтой байна. Дэвшилтэт техник, технологи, инновацыг дэмжихийн тулд юуны өмнө эрх зүйн орчин урт хугацаанд тогтвортой мөрддөг байх шаардлагатай. Техник, технологи, инновац нэвтэрснээр бүтээгдэхүүний өөрийн өртөг зардал буурч, өрсөлдөх чадвар сайжрахаас гадна бүтээгдэхүүний борлуулалт нэмэгдэж улс, орон нутгийн төсөвт төвлөрөх татвар хураамж нэмэгдэж тухайн төсөл хэрэгжүүлэгчийн ашиг орлого нэмэгдэнэ.
-Уурхайн олборлолтын түвшинд АНУ, Япон, боловсруулах, баяжуулах үйлдвэрүүдэд Хятадын технологи, тоног төхөөрөмж илүү нэвтрэх хандлага ажиглагдаж байгааг мэргэжилтнүүд онцолж байна. Техник, технологийн ямар шийдлүүд нэн шаардлагатай байна вэ?
-БНХАУ-ын машин тоног төхөөрөмжийн манай уурхайнууд өргөн хэрэглэдэг. БНХАУ-ын машин тоног төхөөрөмж харьцангуй үнэ багатай, ашиглалтын зардал багатайгаараа онцлогтой. Манай улсын хувьд бол цаашдаа олборлолт, баяжуулалтаас боловсруулалт руу шилжих шилжилтийн энэ үе шатанд эцсийн шатны боловсруулалт хийдэг технологи нэвтрүүлэх тал дээр анхаарч ажиллаж байна. Гэхдээ байгаль орчны сөрөг нөлөөлөл багатай технологийг нэвтрүүлэх нь чухал ач холбогдолтой.
-Барууны хөрөнгө оруулалттай Оюутолгой зэрэг томоохон уурхайнуудын технологи Монголд жишиг стандартыг бий болгож байна. Дотоодын буюу үндэсний аж ахуйн нэгжүүд ямар технологийг хэрэглэх тал дээр хөрөнгө оруулалтаа чиглүүлэх ёстой вэ?
-Мэдээж хэрэг барууны хөрөнгө оруулалттай компаниудаас сурах юм их бий. Байгаль орчныг хамгаалах,хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр жишиг стандартыг Монгол Улсад нутагшуулж байна. Гэвч техник, технологийн хувьд онцгой ялгаа байхгүй. Оюу толгойн ил уурхайтай ижил технологи, тоног төхөөрөмжтэй ил уурхай олон байгаа. Оюу толгойн баяжуулалтын технологи бол Эрдэнэтийн баяжуулах технологитой ижил флотацын буюу хөөсрүүлэн баяжуулах технологи. Энэ технологийг олон улсад төдийгүй Монгол Улсад өргөн хэрэглэдэг. Оюу толгой ХХК Оюу толгойн далд уурхайд блокоор нураах технологийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Ийм технологитой далд уурхай тийм ч олон байдаггүй. Энэ технологи нь анхны хөрөнгө оруулалт ихтэй боловч ашиглалтын зардал харьцангуй багатайгаараа онцлогтой. Манай үндэсний аж ахуйн нэгжүүд АНУ, Япон, ХБНГУ, БНСУ, Финлянд, Швед, БНХАУ, ОХУ гээд дэлхийн бүх улс орны техник, тоног төхөөрөмжийг ашиглаж байна.
-Үр ашигтай, өндөр хүчин чадалтай техник, технологийг нэвтрүүлэхэд оновчтой, даацтай судалгаа үгүйлэгдэж байна. Энэ чиглэлээр анхаарах ямар ажлууд хүлээгдэж байгаа вэ?
-“Үр ашигтай, өндөр хүчин чадалтай техник, технологийг нэвтрүүлэхэд оновчтой, даацтай судалгаа үгүйлэгдэж байна” гэсэн дүгнэлтийг хэн өгч байна вэ. Аливаа уул уурхайн төслийг хэрэгжүүлэхэд тухайн төслийн онцлогт нийцсэн техник, технологийг сонгож үр ашгийг тооцсоны үндсэн дээр тухайн төслийг хэрэгжүүлэх, эсэх асуудлыг шийдвэрлэдэг. Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн” гэж, Ашигт малтмалын тухай хуульд “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмалын нөөцийг бүрэн ашиглах үүрэг хүлээх бөгөөд зөвхөн ашиг олох зорилгоор түүнийг сорлон ашиглахыг хориглоно” гэж тус тус заасан байдаг. Тийм учраас төрийн нийтийн өмч болох ашигт малтмалыг сорчлохгүйгээр, иж бүрэн ашиглахын тулд техник, технологийн сонголтоо хийж төсөл хэрэгжүүлдэг. Төсөл хэрэгжүүлэгчийн үндсэн гол баримт бичиг нь тухайн ордыг ашиглах техник-эдийн засгийн үндэслэл байдаг. Техник-эдийн засгийн үндэслэлдээ олборлолт, баяжуулалтын технологи, тоног төхөөрөмжийн сонголт, тухайн төслийн эдийн засгийн үр ашгийг тооцдог. Зарим төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүд санхүүгийн чадавх муутайгаас шалтгаалан техник- эдийн засгийн үндэслэлдээ тусгагдаагүй хуучирсан үр ашиг багатай техник тоног төхөөрөмж ашиглах тохиолдол байхыг үгүйсгэхгүй. Ашигт малтмалын тухай хуулиар геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага буюу Ашигт малтмал, газрын тосны газар “уул уурхайн үйлдвэрлэлд ашиглагдаж байгаа техник, технологид үнэлэлт, дүгнэлт өгөх, техник, технологийн бодлогыг хэрэгжүүлэх” үүрэгтэй.
-Салбарын яамны зүгээс салбарын эрх зүйн орчны шинэчлэлт дээр анхааран ажиллаж байна. Ашигт малтмалын тухай хуулийг 2006 онд батлан хэрэгжүүлснээс хойш 15 жилийн хугацаа өнгөрсөн байна. Уг хуулийн одоо харахад нэмэлт, өөрчлөлт ороогүй зүйл, заалт бараг байхгүй болсон гэхэд хилсдэхээргүй байна. Одоо хийгдэж байгаа ажлын талаар та тодруулна уу?
-Ашигт малтмалын тухай хуулийг өнөөгийн нөхцөл байдалд нийцүүлэн шинэчлэн боловсруулах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай, Баялгийн сангийн тухай, Эрдэс баялгийн биржийн тухай зэрэг хуулиудыг боловсруулах ажлыг гүйцэтгэж байна. Цар тахалтай, хүндрэлтэй нөхцөл байдалд уул уурхайн салбар харьцангуй сайн ажиллаж улсын төсвийг бүрдүүлэх, улс орны эдийн засгийн чадавхийг хадгалахад ихээхэн хувь нэмэр оруулж байна. Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 211 дүгээр тогтоолоор батлагдсан коронавируст халдвар (ковид-19)-ын цар тахлын үед айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудад дэмжлэг үзүүлэх зарим арга хэмжээний хэрэгжилтийг хангах зорилгоор айл өрхийн болон аж ахуйн нэгж, байгууллагын цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уур хэрэглэсний төлбөр, цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөр болон энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийг тэглэхэд шаардагдах 650 тэрбум төгрөгийн санхүүжилтийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, сайжруулсан шахмал түлшний үнийн 75 хувийн төлбөрт шаардагдах 128 тэрбум төгрөгийн санхүүжилтийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-иуд хариуцан ажиллаж байна. Энэ нь уул уурхайн салбарын үр өгөөж нийт ард иргэдэд очиж байгаагийн тод жишээ болж байна. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан томоохон төслүүдийг хэрэгжүүлэх, тэд- гээрийн дэд бүтцийг бүрдүүлэх, мөн ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг бүх талаас нь дэмжиж ажиллахыг уриалж байна.
Ярилцсан Танд баярлалаа
Эх сурвалж: “Эрдэс баялгийн тойм” сонин