УУХҮ-ИЙН САЙД Г.ЁНДОН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА, ТУЛГАРЧ БУЙ АСУУДЛУУДТАЙ ТАНИЛЦЛАА
Улсын онцгой комиссын даргын 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 27 дугаар тушаалаар Улаанбаатар хотод коронавируст халдвар (ковид-19)-ын тархалт эрчимтэй нэмэгдэж байгаатай холбогдуулан олон нийтийн газар, байгууллага, аж ахуйн нэгжүүдэд халдварын дэглэм сахиулж халдварын тархалтыг бууруулахад дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий Шуурхай зохицуулалтын ажлын хэсгийг томилж, ресторан, хоолны газар хариуцсан дэд ажлын хэсгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон ахалж НМХГ, ОБЕГ, ТЕГ, ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаны хүмүүсээс бүрдсэн ажлын хэсэг нийслэлийн Хан-Уул, Баянгол, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй зарим ресторан, хоолны газруудын төлөөлөлтэй өнгөрөгч өдрүүдэд уулзаж санал бодлыг нь сонслоо. Тус ажлын хэсэг үйлчилгээний байгууллагуудад холбогдох хууль тогтоомж, түр журам, тусгай нөхцөл шаардлага, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэхэд тулгамдаж буй асуудлуудтай танилцаж, төр засгийн байгууллагуудад уламжлах улмаар цар тахлын эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор газар дээр нь ажиллаж зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн юм.