1210 ТОНН АИ-92 АВТОБЕНЗИН НАУШКИ ӨРТӨӨНД ӨНӨӨДӨР ХҮРНЭ
Шатахууны импорт, нөөцийг хэвийн хангах хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Газрын тосны бодлогын газрын дарга Б.Анхбаяраар ахлуулсан ажлын хэсэг ОХУ-ын Москва хотноо ажиллаж, шатахууны хангамжийн тогтвортой байдлыг хангах асуудлаар Роснефть компанийн удидлагуудтай уулзсан. Үүний үр дүнд Ангарскийн нефтийн үйлдвэрээс эхний ээлжинд 1500 тонн АИ-92 автобензинийг нийлүүлэх үр дүнд хүрсэн. Тодруулбал, есдүгээр сард 1500 тонн, 10 дугаар сард 44 мянган тонныг нийлүүлэх бол мөн энэ сард ачигдаагүй хойшлоод байсан 10 мянган тонн АИ-92 бензинийг нийлүүлэхээр тохиролцов.
Өнөөдрийн байдлаар яаралтай нийлүүлэхээр тохиролцсон 1500 тонн шатахууны эхний ээлж буюу 1210 тонн шатахуун бүхий 20 вагоныг Ангарскийн нефтийн үйлдвэрээс ачиж, Наушки өртөөнд хүргэж байна.
Мөн БНХАУ-ын “Петрочайна Интернэйшнл” компанийн Хөх хотын газрын тос боловсруулах үйлдвэрээс 50 вагон буюу 2500 тонн АИ-92 автобензин ачигдаж дуусч байна. Маргааш /2021.09.26/ Хөх хотоос Эрээний боомтын зүгт хөдөлж, ирэх 7 хоногийн дунд үе гэхэд монголд нийлүүлэх юм. Шатахууны импорт, нөөцийг хэвийн байлгах чиглэлд МУЗГ, УУХҮЯ, ГХЯ, ЗТХЯ болон холбогдох бусад байгууллагууд хамтран ажиллаж байна.