УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМНЫ ХАМТ ОЛОН “ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНД НЭГДЛЭЭ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд УУХҮЯ-ны хамт олон нэгдэж, мод тарилаа. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилготой уг хөдөлгөөнд яамны ажилтан, албан хаагчид идэвх санаачилгатай оролцож байна.
Уул уурхайн үйлдвэрлэлтэй байгаль орчны хамгаалал, нөхөн сэргээлтийн ажил шууд холбоотой учир “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд салбарын томоохон компани, аж ахуйн нэгжүүд идэвхтэй оролцож, уриалга гарган ажиллаж байна. Тухайлбал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ ирэх 10 жилд 100 сая мод тарихаар төлөвлөсөн бол, “Эрдэнэс Тавантолгой” ХК тонн нүүрс тутамд нэг буюу 2030 он хүртэл 176 сая мод тарьж, ургуулахаар зориод буй.
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн Монгол Улсын нийт газар нутгийн 76.9 хувь нь хүчтэй цөлжилтөд өртсөн гэх судалгаа бий. Тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнийг 10 жилийн хугацаанд үр дүнтэй хэрэгжүүлж чадвал хүчтэй цөлжилтөд өртсөн 120 сая га талбайн хамрах хэмжээг дөрвөн хувиар бууруулах судалгаа гарчээ. Тэрбум мод тарих хөдөлгөөнийг 2021-2024, 2024-2027, 2027-2030 он гэсэн гурван үе шаттай хэрэгжүүлэх юм байна.