ЭМГЭНЭЛ

ЭМГЭНЭЛ

Бидний хайрт ах Пэлхүүгийн Дашпунцаг нь 2021 оны 11-р сарын 29-ний өдөр хүнд өвчний улмаас 71 насандаа хорвоог орхиж, үр ач, зээ, дүү нар, төрөл төрөгсөддөө болон Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн салбарт нөхөж баршгүй уй гашуу тохиолоо.

                Миний ах Пэлхүү овогтой  Дашпунцаг нь 1950 оны 7 сарын 1-нд УБ хотноо ард Цэдэнгийн Пэлхүүгийн ууган хүү болон мэндэлсэн. Бага наснаасаа болон 1968-1972 онуудад ЕБС, 3-р цахилгаан станцад монтёр, улмаар хугацаат цэргийн албаа тус тус дүүргэсэн.

                1973 онд Монгол – Оросын хамтарсан аж ахуй, Монгол Совцветмет нэгдлийн буюу одоогийн Монголросцветмет ТӨҮГ-т Монгол талаасаа “Анхны алтан 13” гэж өргөмжлөгдсөн ажилтны нэг нь болж Сэлэнгэ аймгийн Бугат тосгоны Толгойт дахь алтны үйлдвэрт ажилласан. Мөн онд ЗХУ-ын Лензолот  алтны үйлдвэрт алт олборлох чиглэлээр суралцан ахлах машинистаар ажиллах болсон.

                1977 онд драгчин (алт үйлдвэрлэгч)-аар дэвшин ажиллаж, 1978-1982 онуудад дараалан Сэлэнгэ аймгийн АИХ-ын депутатын сонгуульт ажлыг хийж байв. 1972-1978 онуудад байгууллагаа төлөөлөн Геологи, уул уурхайн яамны (тухайн үеийн) “Хүндэт самбар”-т өргөмжлөгдөж байв. 1980-1985 онуудад удаа дараалан 5-р таван жилийн гавшгайчаар шалгарч байсан. 1981 онд УБ хот дахь Политехникийн дээд сургуульд эчнээ авч суралцсанаар 1982 онд УБ хотын Монголросцветмет нэгдлийн Барилга угсралтын газрын зохион байгуулах хэсэгт шилжин 4, 6-р хийн гагнуурчны ажлыг мастерын ажилтай хавсран хийж байлаа. 1997 онд ПДС-ийн Уулын инженерийн боловсролыг эзэмшиж төгссөн. 1995-2006 онуудад Автобаазын дарга, Материал техник хангамжийн инженер, Экспорт импорт хариуцсан менежер хийж байгаад 2006 онд улсдаа хүнд нөхцөлд 33 жил тасралтгүй ажиллан гавьяаныхаа амралтанд суусан билээ.

                Байгууллагынхаа анхны тулгын гурван чулууг тулалцсанаас эхлэн анхны мэргэжлийн алт үйлдвэрлэгч, инженер, зохион бүтээгч, шинийг санаачлагч төдийгүй ОХУ-ын Өнгөт металлургийн яамны цаашилбал, ОУ-ын харилцан туслалцах зөвлөлийн орнуудын дунд зохион байгуулсан “Социалист уралдаан”-уудад 1977, 1987 онуудад тэргүүлж байв.

                Эх орныхоо бүтээн байгуулалт болох Уул уурхайн, хүнд үйлдвэрлэлийн салбарт өөрийн бие, хоёргүй сэтгэлээ зориулж явсныг хамт олон, байгууллага, яам өндрөөр үнэлж 1994 онд Үйлдвэрийн тэргүүний мастер 2009, 2013, 2018 онуудад Монголросцветмет хамтарсан нэгдэл байгуулагдсаны 30, 40, 45 жилийн ойн Хүндэт тэмдэг, 2002, 2017 онд Монголд Уул уурхай, хүнд үйлдвэрлэл байгуулагдсаны 80, 95 жилийн ойн “Хүндэт тэмдэг”-ээр тус тус шагнаж байв.

                Төр засгаас үнэлэн АХ-ын  60, 70, 80 жилийн ойн медаль, 2003 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 2007 онд МУ-ын “Тэргүүний уурхайчин” цол тэмдэг, 2018 онд МУ-ын төрийн дээд шагнал болох “Алтан гадас” одонгоор тус тус шагнаж байв.

                Ах минь хамт олондоо нэр хүндтэй, төлөв даруу, ажилч хичээнгүй, хөгжилтэй, зарчимч хүн байсны зэрэгцээ үр  хүүхдүүддээ сайн аав, сайн хань, дүү нартаа сайхан ах, төрөл төрөгсөддөө өмөг түшиг нь болж байсан билээ.

                Таныхаа хүнлэг энэрэнгүй, цэгц шударга зан чанарыг бид үүрд хүндэтгэн дурсан санах болно. 2021.12.07