ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН 416,1 КМ ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ /2020-2022/
“Зүүнбаян төмөр зам” ХХК нь Засгийн газрын 2020 оны 117-р тогтоолоор 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдаж, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтэц барих, эзэмших, ашиглах болон төмөр замын суурь бүтцийг ашиглан тээврийн үйл ажиллагаанд оролцох зорилгоор үйл ажиллагаа явуулж байна. Тус компанийн66 хувийг “Эрдэнэс–Тавантолгой” ХК, 34 хувийг “Монголын төмөр зам” ТӨХК эзэмшдэг.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам нь Өмнөговь, Дорноговь аймгийн таван сумын нутаг дэвсгэрээр дайран нэг өртөө, зургаан зөрлөгтэй 416,1 километр урт, 27 ширхэг гүүр, 595 ширхэг хоолой бүхий Р65 зам төмөртэй, уулзвартай, гуравдугаар зэрэглэлийн төмөр зам юм.
Төмөр замын бүтээн байгуулалтад үндэсний 104 аж ахуйн нэгж оролцож, төслийн хугацаанд 10 мянга орчим хүн, 4 мянга орчим техник хэрэгсэл ашигласан. Бүтээн байгуулалтын ажил өнөөдрийн байдлаар 95 хувийн гүйцэтгэлтэй байна.
Төмөр замын доод бүтэц буюу газар шороо, хиймэл байгууламжийн ажлын ерөнхий гүйцэтгэгчээр Зэвсэгт хүчний Жанжин штаб, дээд бүтцийн ажлын ерөнхий гүйцэтгэгчээр “Улаанбаатар төмөр зам” ХНН ажиллаж байна.
НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН АЧ ХОЛБОГДОЛ
- Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хүрээнд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулан, олборлож боловсруулсан бүтээгдэхүүнийг БНХАУ болон ОХУ төдийгүй тус улсуудын далайн боомтуудаар дамжин гуравдагч орон руу тээвэрлэлт хийх боломжтой болно.
- Бүтээгдэхүүнийг эцсийн хэрэглэгчдэд шууд хүргэн дэлхийн зах зээлд хямд үнээр, “далайн боомт” нөхцөлөөр борлуулах боломжтой.
- Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг Гашуунсухайт-Ганц мод чиглэлийн шинэ гарцтай холбох, цаашлаад Ханги-Мандал чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор транзит ачааны хувьд эдийн засгийн үр өгөөж өндөр байна.
- 1000 орчим тогтмол ажлын байр шинээр бий болно.
- Байгаль орчинд ээлтэй тээвэр болно.
- Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын дагуух уул уурхайн ордуудын олборлолтын хэмжээ 2-3 дахин нэмэгдүүлэх бүрэн боломжтой.
- Төслийн бүтээн байгуулалтын явц 95%-тай явагдаж байгаа бөгөөд нийт бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт өнөөдрийн байдлаар нэг их наяд 53 тэрбум төгрөгт хүрсэн.