УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ БИРЖИЙН ТУХАЙ ХУУЛЬ

УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ БИРЖИЙН ТУХАЙ ХУУЛЬ

УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ БИРЖИЙН ТУХАЙ ХУУЛЬ

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай анхдагч хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын  2021 оны А/93 дугаар тушаалаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Сангийн яам, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулан байгуулж ажилласан. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай анхдагч хуулийн төслийг Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжтой нийцүүлэн боловсрууллаа.

Эл хууль нь уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг ил тод, нээлттэй зохион байгуулж, зах зээлийн бодит үнэ тогтоох боломжийг бүрдүүлэх, экспортыг нэгдсэн бодлогоор хангах замаар уул уурхайн салбарт хөрөнгө оруулах сонирхлыг нэмэгдүүлэх, улс орны эдийн засгийн өсөлтөд энэ салбарын оруулах хувь нэмрийг улам өргөжүүлэх эрхзүйн ач холбогдолтой.

Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, худалдаа арилжаанд олон хүндрэлтэй, шийдвэрлэвэл зохих асуудлууд тулгарч байна.

  • Уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлийн бодит үнэ, худалдааны нөхцөл, бүтээгдэхүүний чанарын талаарх мэдээлэл ил тод бус байдгаас үр ашигтай гэрээ хэлцэл хийх боломж муу, зардал өндөр байна.
  • Уул уурхайн бүтээгдэхүүнийг борлуулах зохион байгуулалттай зах зээл бий болоогүйн улмаас бүтээгдэхүүний үнэ ханш дэлхийн зах зээлийн үнээс доогуур байна.
  • Гэрээний үндсэн дээр арилжаалагдах уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээ нь гэрээний үнээр тогтоогдож, хууль тогтоомжийн дагуу албан татвар, төлбөр, хураамж ногдож байна. Гэвч гэрээгээр тохирсон үнэ нь зах зээлийн ханшаас үлэмж зөрүүтэй байдгаас уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалтаас олох орлогыг ихээхэн бууруулж байна.

Биржийн тухай хуулиас хүлээх үр дүн

  • Монгол Улсад уул уурхайн бүтээгдэхүүний бирж байгуулах эрх зүйн орчин бүрдэж, улмаар бүтээгдэхүүний нийлүүлэгч, худалдан авагчийг холбох найдвартай тогтолцоо бий болж, зах зээлийн бодит ханш тогтох, арилжааны болон гэрээ, хэлцлийн мэдээлэл олон улсын зах зээлд нээлттэй зарлагдсанаар хөрөнгө оруулагчид найдвартай мэдээллээр хангагдана. Улмаар Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар нэмэгдэнэ.
  • Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ, борлуулалтын хэмжээ ил тод болсноор арилжаанаас тооцох татвар хураамжийг үндэслэлтэй тогтоох нөхцөл бүрдэж улсын төсвийн орлого нэмэгдэнэ.
  • Уул уурхайн бүтээгдэхүүнийг нийлүүлэх гэрээний үүргийн хэрэгжилт баталгаатай болж арилжаанд оролцогчдын эрсдэл буурах, хөрөнгө оруулалтын таатай орчин бий болох ач холбогдолтой.
  • Биржийн арилжааны төлбөр тооцоо Монгол Улсын банк санхүүгийн байгууллагаар дамжин хийгдэж, гадаад валютын орлого нэмэгдэж, ханш тогтворжих, таатай нөхцөл бүрдэнэ.
  • Уул уурхайн бүтээгдэхүүний чанар олон улсын стандартын түвшинд хүрч сайжрах бөгөөд үүнийг дагаад техник, технологийн шинэчлэл хийгдэх, шинээр ажлын байр бий болох нөхцөл бүрдэнэ.
  • Биржийг дагалдан арилжааны зуучлагч, тээвэр логистик, баталгаат агуулах, даатгал зэрэг цогц үйлчилгээ бий болно. Энэ нь уул уурхайн бүтээгдэхүүний зохион байгуулалттай зах зээлийн найдвартай, тогтвортой ажиллагааг дэмжихийн зэрэгцээ татварын суурийг нэмэгдүүлэх ач холбогдолтой.
  • Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийг Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц болон бусад тогтоомжтой нийцүүлэн  боловсруулсан бөгөөд Бирж нь төрийн өмчит компани хэлбэрээр үйл ажиллагаа явуулна. Хуулийн төсөлтэй холбогдуулан нийт дөрвөн хуульд нэмэлт өөрчлөлт оруулна. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийг Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр бэлтгэж байна.