МЭНДЧИЛГЭЭ
Монгол Улсын эдийн засгийн суурь болсон Уул уурхайн салбарын хөгжилд эрдэм мэдлэг, хөлс хүчээ харамгүй зориулж, түүхэн он цагийг бичилцсэн үе үеийн уурхайчид, ахмадууд, салбарын нийт хамт олон Та бүхэндээ Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 99 жилийн ойн баярын мэндийг Монгол Улсын Засгийн газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны хамт олны нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлж, ажлын амжилт хүсэн ерөөе.
Уул уурхайн салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 25 хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 69 хувь, экспортын 93 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 80 хувийг бүрдүүлдэг Монгол Улсын эдийн засгийн суурь салбар болон хөгжжээ. Түүхэн хөгжлийн хугацаанд уул уурхайн томоохон ордуудыг түшиглэн эдийн засаг, нийгмийн томоохон бүтээн байгуулалт болох Эрдэнэт, Багануур, Хөтөл, Бор-Өндөр, Шарын гол зэрэг хот сууринг барьж байгуулснаас гадна сүүлийн 30 жилд Оюутолгой, Цайрт минерал зэрэг гадаадын хөрөнгө оруулалт идэвхжиж, хувийн хэвшлийн үүрэг, оролцоо нэмэгдсэнийг хэлэхэд таатай байна.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны баг хамт олон “Алсын хараа 2050” бодлогын баримт бичиг, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн зорилтуудаа тууштай хэрэгжүүлэн ажиллаж байна. Бодлогын баримт бичгүүдэд туссан томоохон зорилтуудыг хэрэгжүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг тууштай нэмэгдүүлж, уул уурхайн салбарт нэмүү өртөг шингээн, ажлын байрыг бий болгох хүрээнд Олборлолтоос Боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр хууль эрх зүйн шинэчлэл, цахим шилжилтийг эхлүүлээд байна.
Хариуцлагатай, нээлттэй, ил тод, үр ашигтай уул уурхайг хөгжүүлэхэд шинэ зууны хөгжлийн хурдасгуур болсон “Аж үйлдвэрийн 4.0 хувьсгал”-д суурилсан цахим шилжилт чухал үүрэгтэй. Уул уурхай, хүнд үйлдвэрий яам хайгуулын шатнаас эхлээд уурхай хаах хүртэлх бүхий л үе шатанд тусгай зөвшөөрөл олгох үйлчилгээг цахимаар хүргэхээр манлайлан ажиллаж буй бөгөөд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл болон Ашигт малтмал, газрын тосны газар, Үндэсний геологийн алба зэрэг төрийн байгууллагуудын цахим системийн уялдаа холбоо, удирдлага, зохион байгуулалтыг өндөр түвшинд ханган ажиллаж байна. Эрдэс баялгийн цахим засаглал нь “хяналт”, “ил тод, нээлттэй байдал”, “технологийн дэвшил, инновац” гэсэн гурван түвшний үр дүнд хүрэх учиртай.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, түүнийг дагасан хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль, Хүнд үйлдвэрлэлийн тухай хуулийн төслүүдийг УИХ-аар хэлэлцүүлэхээр бэлтгэн ажиллаж байна. Эдгээр хуулийг баталснаар уул уурхайн баялгийг иргэн бүрт хүртээх, хөрөнгө оруулалт, бизнесийн орчин сайжрах, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ цэн өсөх, үүнийг дагаад эдийн засгийн бусад салбар хөгжих өргөн хүрээний ач холбогдолтой юм. Мөн стратегийн ач холбогдол бүхий нөөц нь тогтоогдсон томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэхээс гадна дэд бүтцийг барьж байгуулах, нүүрс баяжуулах, газрын тос, зэсийн баяжмал, төмөрлөг боловсруулах үйлдвэрийн томоохон төслүүдийг хэрэгжүүлж байна.
Салбарын инженер мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид, уурхайчид та бүхэн Олборлолтоос Боловсруулалтын үе шатанд шилжиж буй түүхэн цаг үеийг хамтдаа амжилттай туулж, мэдлэг, ур чадвараа салбарын шинэчлэл бодлогод зориулан тууштай ажиллана гэдэгт итгэлтэй байна.
Эх орны хөгжлийн хөтөч, баялаг бүтээгч уурхайчид та бүхний гэр бүл, хамт олонд аз жаргал, амжилт бүтээл, эрүүл энхийг хүсэн ерөөе!
Шангаа татсан үйлс бүхэн биелж, Өрх бүрийн амьдрал өөдлөн дэвжихийн ерөөл өргөе!
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,
УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД Г.ЁНДОН