Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийг өргөн барив
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон УИХ-ын дарга Г.Занданшатарт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн барилаа.
Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн. Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ., …Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.” гэж заасан.
Монгол Улсын Их Хурлын 2014 оны 18 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-ын 3.7.5-д “Эрдэс баялгийн бүтээгдэхүүний гадаад, дотоодын зах зээл дээрх борлуулалтыг нээлттэй, оновчтой, өндөр үр ашигтай, зах зээлийн зарчимд нийцсэн аргаар хийх, шударгаар үнэ тогтоох, дотоодын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, экспортыг нэгдсэн бодлогоор зохицуулах зорилгоор эрдэс баялгийн бирж байгуулах;” гэж, 3.7.10-т “Ашигт малтмалыг олон улсын зах зээлийн үнээр борлуулах боломжийг бүрдүүлж, эрдэс баялгийн салбараас орох орлогыг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцох арга, аргачлалыг боловсронгуй болгох; “ гэж тус тус гэж заасан билээ.