АРДЧИЛСАН ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАХ ҮЙЛ ХЭРЭГТ ХҮЧИН ЗҮТГЭЖ ЯВСАН АРДЫН ИХ ХУРЛЫН АХМАД ДЕПУТАТУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон Ардчилсан Үндсэн хуулийн 30 жилийн ойн өдрөөр хуулийн төслийг боловсруулах, батлах үйл хэрэгт салбараа төлөөлөн түүхэн үүрэг гүйцэтгэж, хүчин зүтгэж явсан Ардын Их Хурлын Депутатуудыг хүндэтгэн хүлээн авч уулзан, ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ.
Монгол хүний эрх, эрх чөлөө, төрийн эрх мэдлийн хуваарилалт, ардчилал, зах зээлийн харилцааны зарчмуудыг тод томруун тусгасан Ардчилсан, шинэ Үндсэн хууль биеллээ олоход Монгол Улсын Ардын Их Хурлын Депутат Ч.Хурц, Н.Төмөртогоо, С.Пүрэвдорж, Х.Бадамсүрэн, Д.Чилхаажав, До.Ганболд зэрэг тухайн үеийн салбар салбарын олон эрдэмтэн, судлаачид, мэргэжилтнүүдийн билиг оюун, мэдлэг чадвар, нөр их хөдөлмөр үнэтэй хувь нэмэр оруулсан билээ.
Монгол Улс анхны Үндсэн хуулиа 1924 онд баталж байсан бол түүнээс хойш 1992 онд 4 дэх Үндсэн хууль буюу Ардчилсан, шинэ Үндсэн хуулийн төслийг бүх ард түмнээр хоёронтоо, Улсын бага хурлаар дөрвөн удаа хэлэцүүлж, Ардын Их Хурлын 1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар 2 сар гаруй хугацаанд хэлэлцэн баталж байсан түүхтэй.