УУЛ УУРХАЙН САЛБАР ҮҮСЭЖ, ХӨГЖСӨНИЙ 100 ЖИЛИЙН ОЙ ЭНЭ ОНД ТОХИОЖ БАЙНА
Монгол Улсын төсвийн орлогын 30 орчим хувийг бүрдүүлдэг, эдийн засгийн тулгуур салбарын нэг уул уурхайн салбарын 100 жилийн ой энэ онд тохиож байна.
Ардын хувьсгал ялсны дараа шинэ тулгар засаг төрөө эмхлэн байгуулж байсан 1922 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Налайхын нүүрсний уурхайг улсын мэдлийн уурхай болгох тухай Ардын засгийн газрын шийдвэр гарсан энэ өдрийг уул уурхайн салбар үүсэж хөгжсөн ойн өдөр болгон жил бүр тэмдэглэж ирсэн уламжлалтай.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонгийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/306 тоот тушаалаар Уул уурхайн салбарын 100 жилийн ой, Монголын уурхайчдын өдрийг угтах, тэмдэглэн өнгөрүүлэх Ажлын хэсгийг байгуулж, анхны хурлаа өчигдөр /2022.01.13/ хийлээ.
Тус хурлаар 100 жилийн ойн хүрээнд хийгдэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэж, зохион байгуулалтад оролцох Дэд ажлын хэсгүүдийг байгуулж, гишүүдийг томилсон.
Ойн хүрээнд салбарын хөгжлийг дараагийн шатанд гаргах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах замаар хөрөнгө оруулалтын боломжуудыг бий болгох, нөхөн сэргээлтийг идэвхжүүлэх, техник технологийн шинэчлэлийг салбартаа нэвтрүүлэх зэрэг өргөн агуулгын хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулагдах юм.