ЭМГЭНЭЛ

ЭМГЭНЭЛ

ЭМГЭНЭЛ

ИДЭШИЙН БОЛД

(1967-2022)

Бидний итгэл хүндэтгэлийг хүлээсэн хамтран зүтгэгч, дотны анд, журамт нөхөр Монгол Улсын Зөвлөх инженер Идэшийн Болд өвчний улмаас 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр таалал төгсөж, хүнд гарз тохиолоо.

И.Болд нь 1967 онд Улаанбаатар хотод төрсөн, 1985 онд дунд сургуулиа төгсөөд ОХУ-ын Эрхүү хотын Политехникийн Дээд Сургуулийг 1992 онд далд  уурхайн ашиглалтын инженер-технологич  мэргэжлээр төгссөн.  Мөн 1995-1996 онд МУИС-ийг Санхүүгийн менежер мэргэжлээр, 1996-1998 онд Бизнесийн удирдлагаар, 1999-2002 онд Эрх зүйч мэргэжлээр тус тус суралцан төгссөн байна.

И.Болд нь 1993 оноос хөдөлмөрийн гараагаа эхлэн “Инвенто” ХХК, MCS группын “Глобал энержи” ХХК-д инженер, ерөнхий инженер, гүйцэтгэх захирал, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмалын газар, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яаманд мэргэжилтэн, Аж үйлдвэрийн яаманд хэлтсийн дарга, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд газрын дарга зэрэг төрийн алба, хувийн хэвшилд хариуцлагатай албыг олон жил үр бүтээлтэй хашсан байна.  Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбараас гадна “Улаанбаатар Эрдэм” дээд сургууль, “Жонон” коллеж, “Олонлог эгзэ” сургууль зэрэг боловсролын байгууллагад багшаас захирал хүртэл ажиллаж, сурган хүмүүжүүлэх үйлст өөрийн хувь нэмрийг оруулсан багш билээ.

Талийгаач нь төрийн албанд ажиллаж байхдаа “Хар төмөрлөгийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилтот хөтөлбөр”, “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого” зэрэг салбарын төрийн бодлогын баримт бичгүүд болон Ашигт малтмалын тухай, Татварын тухай болон бусад хууль эрх зүйн баримт бичгүүдэд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгүүдэд ажилласан туршлагатай төрийн албан хаагч байсан.

Тэрбээр Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн болон боловсролын салбарт нийтдээ 28 жил ажиллаж, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан шилдэг зөвлөх инженер-багш нарын нэг байсан юм.

Түүний хөдөлмөр бүтээлийг төрөөс үнэлж Аж үйлдвэрийн тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнасан ба уул уурхай, боловсролын салбарын өргөмжлөл, шагналуудыг хүртээжээ.

Талийгаачийн  хөдөлмөрч, бүтээлч зан чанар, улс орныхоо сайн сайхны төлөө зүтгэсэн хичээл зүтгэл нь үлгэр дууриал болж бидний сэтгэл зүрхэнд үүрд дурсагдах болно.

Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, дотны хүмүүст гүн эмгэнэл илэрхийлье.

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ

АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ГАЗАР