АШИГТ МАЛТМАЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОЛТ ЦАХИМЖСАНААР ЖИЛД ОЛГОГДОХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ТОО 3-4 ДАХИН НЭМЭГДЭНЭ
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Ашигт малтмал, газрын тосны газар, Үндэсний геологийн алба, салбарын ТББ-ууд хамтран Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын цахим системийг хэрхэн ашиглах тухай сургалтыг 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгуулж, 200 гаруй аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл оролцлоо.
Энэхүү сургалт нь геологи, хайгуулын салбарын аж ахуйн нэгжүүд, хөрөнгө оруулагчдад ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад tender.gov.mn платформыг ашиглан хэрхэн оролцох талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгөх зорилготой юм.
Өнгөрсөн 5 жилийн хугацаанд манай улсад жилд ойролцоогоор 50 орчим хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдож байсан. 2021 онд 109 тусгай зөвшөөрөл олгосон хэдий ч сүүлийн жилүүдэд хайгуулын ажлын хэмжээ, хөрөнгө оруулалт, эрдэс баялгийн нөөцийг өсгөх гол салбар зогсонги байдалтай байсан гэж хэлж болно.
Хайгуулын ажлыг эрчимжүүлэхийн тулд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой талбайн хэмжээг нэмэгдүүлж, Засгийн газраар шинэчлэн батлуулах, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох хэлбэрийг хуулиар олон төрөл болгож, цахимжуулж, шуурхай, нээлттэй зохион байгуулах, олгосон тусгай зөвшөөрлийн талбайд хайгуулын ажил гүйцэтгэх хөрөнгө оруулалт татах, саадгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлэх шаардлага бий.
Иймд эрдэс баялгийн салбарт, түүн дотроо хайгуулын тусгай зөвшөөрөл олголтыг цахимжуулах замаар төрийн хүнд суртлыг арилгах, төрийн үйлчилгээг түргэн, хөнгөн шуурхай болгож, олголтын тоог нэмэгдүүлэх арга хэмжээнүүдийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны зүгээс авч хэрэгжүүлж байна.
Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголтыг цахимжуулах асуудлаар Засгийн газраас олгосон эрхийн хүрээнд холбогдох журмыг шинэчлэн боловсруулж батлуулсан. Үүнтэй уялдуулан цахимжилтад шилжих ажлыг эхлүүлээд байна.
Тусгай зөвшөөрөл олгох журмыг шинэчлэн баталснаар жилд олгогдож байгаа 100 орчим хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо 3-4 дахин нэмэгдэнэ. Ингэснээр дараагийн Эрдэнэт, Тавантолгой, Оюу толгой зэрэг уурхай бий болж уул уурхайн салбарын эдийн засагт одоо оруулж байгаа үр нөлөө хэд дахин нэмэгдэх боломж бүрдэх юм.