АВСТРАЛИ-МОНГОЛЫН ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “Австрали-Монголын Эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр (АМЕП)”-ийн багийн ахлагч Рена Гүэндүэз, хөтөлбөрийн зөвлөх Н.Алгаа нарыг 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлэээн авч уулзлаа.
Уулзалтаар хөтөлбөрийн хугацаа 2024 он хүртэл сунгагдаж байгаа энэ үед хоёр орны эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагаа, Монгол Улсын уул уурхайн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, уул уурхайн бүс дэх орон нутгийн иргэд, удирдлага, иргэний нийгмийн байгууллагуудтай харилцан ойлголцох чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг хамтран хэрэгжүүлэх талаар санал солилцсон.
Геологи, уул уурхайн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, олон нийтэд нээлттэй, ил тод байх боломжийг бүрдүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж байгаад тус хөтөлбөрийн хамт олонд талархаж буйгаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон илэрхийллээ. Салбарын эрх зүйн орчны шинэчлэл нь олон талын зөвшилцөл, ул суурьтай судалгаа шинжилгээнд суурилсан, цаг үетэй нийцсэн байх нь чухал гэдгийг сайд онцлон тэмдэглэв.
Газрын хэвлийн тухай хууль, жендерийн тэгш оролцооны талаарх сургалт зэрэг тодорхой чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа талаар хөтөлбөрийн багийн ахлагч Рена дурдаад, цаашид тогтсон хугацаанд уулзалт зохион байгуулж байх хүсэлтээ илэрхийлсэн юм.