УУЛ УУРХАЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ОРЧНЫ СУДАЛГААНЫ ДҮНГ ТАНИЛЦУУЛЛАА
Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк санхүүжүүлж, Адам Смит Интернэйшнл байгууллагын гүйцэтгэсэн “Монгол Улсын Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчны жишиг судалгаа”-ны дүнг танилцуулах хэлэлцүүлэг, семинар Туушин зочид буудалд өнөөдөр зохион байгуулагдлаа.
Тус судалгаа нь Монгол Улсын уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх саналуудыг тодорхойлох зорилготой юм. Судалгаанд хөрөнгө оруулагчид, манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн болон хайгуулын компаниудын төлөөлөл оролцож, олон улсын жишгийн дагуу бэлтгэсэн асуулгад хариулт өгч, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Судалгааг 2021 оны 10, 11 дүгээр сард зохион байгуулсан бөгөөд Канад Улсын Фрэйзер Институтийн жил бүр гаргадаг уул уурхайн салбарын судалгааны үр дүнтэй харьцуулсан байна. Судалгааны дүнгээс үзэхэд хөрөнгө оруулагчийн маргааныг шийдвэрлэх механизм дутагдалтай, хугацаа ихээр алддаг, эрх зүйн зохицуулалтын орчин тогтвортой бус, тодорхойгүй, хууль хоорондын зөрчилтэй, тусгай зөвшөөрөл олгох үйл явц боловсронгуй бус зэрэг асуудлууд хөрөнгө оруулалтын орчинд сөргөөр нөлөөлж байгааг судалгаанд оролцогчид онцлон дурдсан байна.
Мөн Монгол Улс нь уул уурхайн арвин нөөц, баялагтай, дэлхийн хамгийн том хэрэглэгч улстай хил залган оршдог, интернэт, үүрэн холбооны сүлжээний хамрах хүрээ сайн, залуу чадварлаг боловсролтой боловсон хүчинтэй зэрэг давуу талтай хэдий ч авилгын түвшин өндөр, улс төрийн тогтворгүй байдал, төрийн уул уурхайн орлогын менежмент сул, дэд бүтэц дутмаг зэрэг сул талуудыг судалгаанд дурджээ. Судалгааны дүнд суурилан цаашид хэрэгжүүлж болох арга хэмжээний талаар төр, хувийн хэвшил, олон улсын болон олон нийтийн байгууллагууд санал солилцсон юм.