МЭНДЧИЛГЭЭ
Монгол Улсын газрын тосны салбарын хөгжилд хөдөлмөр бүтээл, хөлс хүчээ харамгүй зориулж салбарын он цагийн түүхийг бүтээлцсэн ахмадууддаа, одоо ажиллаж байгаа салбарын нийт хамт олондоо, эрдэмтэн, судлаачид, залуу үеийнхэндээ Монгол Улсад газрын тосны салбар үүсэж хөгжсөний түүхт 80 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлж, Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баяр хүргэж, ажлын амжилт, амьдралд нь аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
БНМАУ-ын Ардын Сайд нарын зөвлөлийн 1941 оны 02-р сарын 28-ны өдрийн “Союзнефтьэкспорт нэгдлийн төлөөлөгчийн газраас зарим барилга байгууламж, техник тоног төхөөрөмжийг шилжүүлэн авах тухай” 15 дугаар тогтоолын дагуу тухайн үеийн Тээврийн яамны харьяанд Нефть тосны зүйлүүдийг борлуулах ажлыг эрхлэх хэлтэс байгуулснаар эхэлсэн газрын тосны салбар өнгөрсөн 80 жилийн хугацаанд манай улсын стратегийн ач холбогдолтой салбаруудын нэг болж хөгжин, улс орны нийгэм, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд томоохон хувь нэмэр оруулсаар ирлээ.
Манай улс 1920-иод оноос газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэж эхэлсэн талаар түүхэн баримтууд байдаг бөгөөд улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийг даган өсөн нэмэгдэж байгаа түлш, шатахууны хэрэглээг хангах ажлыг газрын тосны бүтээгдэхүүн импортлогч, борлуулагч үндэсний компаниуд хариуцан гүйцэтгэж, хангамжийн сүлжээгээрээ дамжуулан аймаг, сум, орон нутагт түгээж, ард иргэд, хэрэглэгчдийг газрын тосны бүтээгдэхүүнээр найдвартай, тасралтгүй ханган ажиллаж байна.
Тэртээ 1940 онд Монголын геологич Ж.Дүгэрсүрэн, ЗХУ-ын геологич Ю.С.Желубовский нарын удирдсан Дорнын экспедицийн 17 дугаар анги Зүүнбаянгийн хотгорт хайгуул судалгааны ажил хийж, газрын тосыг анх илрүүлж байсан түүхтэй.
Үүнээс хойш 10 гаруй жилийн хугацаанд Нялга, Дорноговь, Чойбалсан, Өмнөговь, Тамсагийн сав газруудад 100 гаруй эерэг бүтэц илрүүлэн үнэлгээ өгсөн бөгөөд хайгуулын ажлын үр дүнд Зүүнбаян, Цагаан-элсний орд газрыг нээсэн юм.
Энэхүү 2 орд газрыг түшиглэн Зүүнбаянгийн газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж байгуулан, 1949 онд ашиглалтад оруулсан бөгөөд 1950-1969 оны хооронд 500 гаруй мянган тонн газрын тос олборлож, боловсруулан улсын түлш, шатахууны хэрэглээний тодорхой хувийг хангаж байсан түүхэн замналтайг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Монгол Улсад 1990-ээд оноос газрын тосны хайгуулын ажил дахин идэвхтэй өрнөж эхэлсэн ба улсын хэмжээнд газрын тосны хэтийн төлөв бүхий хайгуулын 32 талбай ялгаснаас өнөөдрийн байдлаар 21 талбайд Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу газрын тостой холбогдсон үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаагаас 4 талбайд газрын тосны ашиглалт, олборлолтын үйл ажиллагаа амжилттай явагдаж байна.
Монгол Улсын үе үеийн Засгийн газрууд түлш, шатахууны гадаад хамаарлаас ангижрах, нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдолтой Газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж байгуулахыг зорьж үйл ажиллагааныхаа төлөвлөгөөнд тусгаж ирсэн бөгөөд Монгол Улсын Их хурал, Засгийн газар БНЭУ-аас олгож буй хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр Газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж байгуулахаар 2017 онд шийдвэрлэж Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт Газрын тос боловсруулах үйлдвэрийн барилга байгууламжийн ажлыг эхлүүлээд байгаа нь газрын тосны салбарын түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээгээд байна.
Улс орны нийгэм, эдийн засгийн хөгжил, дэвшлийн хөдөлгүүрийг тэтгэгч газрын тосны салбарын түүхийг бүтээлцсэн ахмадууд, оюун ухаан, мэдлэг чадвар, хүч хөдөлмөрөө дайчлан ажиллаж буй салбарын нийт хамт олон Та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.
УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД Г.ЁНДОН