“БАЙГАЛИЙН НӨӨЦ, БАЙГАЛЬ ОРЧНЫ ЭРХ ЗҮЙН АЗИЙН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам нь уул уурхайн салбарын 100 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн “Байгалийн нөөц, байгаль орчны эрх зүйн Азийн санаачилга” хөтөлбөрийг дэмжиж, цаашид уг хөтөлбөрийг хөгжүүлж, хамтран ажиллах зорилгоор Монгол Улсын Их Сургууль, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургуультай “Хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг 2022 оны 6 дугаар сарын 6-ны өдөр байгууллаа.
“Байгалийн нөөц, байгаль орчны эрх зүйн Азийн санаачилга” хөтөлбөр нь эрдэс баялаг, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, хөрөнгө оруулалт, ногоон технологийн талаарх эрх зүйн орчныг үндэсний болон бүс нутгийн түвшинд судалж, Ази дахь байгалийн нөөц, байгаль орчны эрх зүйн инновацийн төв бий болгон хөгжүүлэх зорилготой юм. Мөн “Байгалийн нөөц, байгаль орчны эрх зүйн” бие даасан, магистрийн хөтөлбөрийг 2024 оноос эхлүүлэх юм.
Уг хөтөлбөрийн хүрээнд “Уул уурхайн эрх зүйн зохицуулалт, туршлага” сургалтыг олон улсын түвшинд 2022 оны 11 сард, мөн “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн эрх зүй” сургалтыг дотоодын түвшинд 2023 оны 4 сард тус тус зохион байгуулахаар төлөвлөж байна.
Энэхүү санаачилга нь хамтран ажиллагч түнш байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн Удирдах хороо, Академик хороотой байхаас гадна баялгийн засаглал, геологи, уул уурхай, байгаль орчин, тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлтийн салбар, чиглэлийн залуу судлаач, мэргэжилтнүүдийг дэмжиж, хамтран ажиллана.