УУХҮ-ИЙН САЙД Г.ЁНДОН АВСТРАЛИ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД КЭТИ СМИТИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Эрхэмсэг хатагтай Кэти Смиттэй 2022 оны 8 дугаар сарын 5-ны өдөр уулзаж, хоёр орны геологи, уул уурхайн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Австрали Улсын уул уурхайн салбарын арвин баялаг туршлага, тэргүүлэх техник, технологи, байгаль орчны менежмент, баялгийн сайн засаглал зэргээс туршлага судалж, нутагшуулах нь манай улсын уул уурхайн салбарт чухал ач холбогдолтой болохыг сайд Г.Ёндон энэ үеэр дурдсан. Мөн манай улсын уул уурхайн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, үндэсний гео мэдээллийн санг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа Австрали-Монголын эрдэс баялгийн салбарын хөтөлбөр /АМЕП-2/-ийг Австрали Улсын Засгийн газраас дэмжин хэрэгжүүлж байгаад талархал илэрхийллээ.
Австрали Улсын хөрөнгө оруулсан Оюу Толгой төсөл амжилттай хэрэгжиж, тус улсын хөрөнгө оруулалттай 60 гаруй компани ашигт малтмалын хайгуул, олборлолт, ханган нийлүүлэлтийн чиглэлээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгааг Элчин сайд Кэти Смит дурдсан.
Уулзалтын үеэр энэ оны 9 дүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдах “Уул уурхайн 7 хоног” арга хэмжээний талаар Австрали Улсын сонирхогч компаниудад мэдээлэл хүргэх, тус улсын Геологийн алба болон манай улсын Үндэсний Геологийн Алба хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, уул уурхайн салбарын бусад чиглэлээр талууд хамтран ажиллахаар тохиролцлоо. Тухайлбал, Австрали Улсын Засгийн газар өөрийн нутаг дэвсгэрийн хэмжээнд эрдэс баялгийн судалгааг орчин үеийн технологийн дэвшил ашиглан судлах, ирээдүйд үнэ цэн нэмэгдэх ашигт малтмалын хэтийн төлөвийг тодорхойлохоор “Exploring for the Future” нэрийн дор 225 сая долларын хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Уг хөтөлбөрт гадаргын геофизикийн AusLAMP, 2024 он хүртэл хэрэгжих чухал ашигт малтмалын олон салбар төслүүд багтсан. Эдгээртэй ижил төстэй төсөл, арга хэмжээнүүдийг манай улсад хэрэгжүүлэх, энэ чиглэлийн туршлага солилцох хүсэлтийг сайд Г.Ёндон илэрхийллээ.