ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЧАНАР, СТАНДАРТ, ХЯНАЛТЫН ТОГТОЛЦООГ САЙЖРУУЛНА
Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон БНСУ-ын Газрын тосны чанар, хангамжийн газар /К-Петро/ хоорондын “Техникийн хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өнөөдөр /2022.08.10/ боллоо.
Санамж бичигт УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, БНСУ-ын Газрын тосны чанар, хангамжийн газрын Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ча Дун Хён нар гарын үсэг зурж, хоёр орны газрын тосны чанар, стандарт, хяналтын тогтолцооны чиглэлээр цаашид хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцлоо.
АМГТГ болон К-Петро байгууллагууд 2017 онд хамтран ажиллаж эхэлснээс хойш АМГТГ-ын харьяа Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хүчин чадал, чадавхийг бэхжүүлэх, тоног төхөөрөмжид засвар, үйлчилгээ хийх, туршлага солилцох, сургалт, семинар зохион байгуулах ажлуудыг амжилттай гүйцэтгэжээ. Мөн Монгол Улсын Сангийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон БНСУ-ын КОЙКА байгуулага хооронд 2021 онд байгуулсан “Монгол Улсын агаарын чанарыг сайжруулах хүрээнд эрчим хүчний нөөцийн чанарын удирдлагын тогтолцоог бий болгох” төслийн газрын тос, газрын тосны бүтээгдэхүүнтэй холбоотой үйл ажиллагааны гүйцэтгэгчээр К-Петро ажиллаж байна.
Өнөөдөр байгуулсан санамж бичгийн хүрээнд газрын тосны бүтээгдэхүүний чанар, стандарт, хяналтын тогтолцоог сайжруулахад дэмжлэг үзүүлэх, туршлага солилцох, мэдээллийн санг бүрдүүлэхэд технологийн чиглэлээр хамтран ажиллах, хамтарсан судалгаа хийх, техникийн зөвлөгөө өгөх, сургалт семинар зохион байгуулах, БНСУ-ын газрын тос боловсруулах, газрын тос-химийн үйлдвэрлэлтэй холбоотой техник, технологийн мэдээлэл солилцох зэрэг чиглэлээр хамтран ажиллах юм.