ХУРИМТЛАЛЫН НЭГДСЭН САНГИЙН ТОГТОЛЦООГ ХӨГЖҮҮЛЭХЭД СИНГАПУР УЛС ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛНЭ
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон Монгол Улсын онцлогт нийцсэн хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоог бий болгоход зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр ирсэн Сингапурын хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Монгол Улс байгалийн баялгийн үр ашгийг иргэн бүрт тэгш, хүртээмжтэй хүртээх зорилгоор Засгийн газраас Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ-аар батлуулахаар ажиллаж байна. Энэ ажилд өндөр хөгжилтэй Сингапурын туршлагыг нутагшуулахад таатай байгаагаа сайд Г.Ёндон илэрхийлэв.
Тэрбээр, уул уурхайн төрийн өмчит компаниудын ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, өндөр үр ашигтай, стратегийн томоохон төслүүд болон хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар хуримтлалын сангийн мөнгөн урсгалыг арвижуулах нь улс орны хөгжлийг тэтгэгч тулгуур салбарын үндсэн зорилтуудын нэг болохыг онцолсон.
Сингапурын хамтын ажиллагааны байгууллагын Зүүн өмнөд Азийн газрын захирал ноён Тан По Тек найрсгаар угтан авч уулзаж буйд сайд Г.Ёндонд талархал илэрхийлж, Монгол Улсын уул уурхайн салбарын туршлагаас ч мөн харилцан туршлага судлах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн.
Зөвлөх үйлчилгээний багийнхан Монгол Улсад 8 дугаар сарын 10-16-ны өдрүүдэд ажиллаж, Сингапур Улс Хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоог бий болгож, хөгжүүлсэн туршлагаасаа хуваалцан, Монгол Улсад нэвтрүүлэх боломжтой, хүлээн зөвшөөрөгдсөн хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоог бий болгохын тулд тэтгэврийн сан, нийгмийн халамжийн тогтолцооны өнөөгийн засаглал, бодлогод тулгарч буй бэрхшээл, хоцрогдлыг үнэлж, тодорхойлох юм байна.