АЛТ ОЛБОРЛОГЧ, ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ИМПОРТЛОГЧ АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙГ 2023 ОНД ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ОЛГОНО
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Сангийн сайд Б.Жавхлан нар /2022.08.17/ Монголбанкны удирдлага, арилжааны банкны захирлуудтай уулзаж, алт олборлогч болон газрын тосны бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт олгох асуудлыг ярилцаж, санал солилцлоо.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч нарын 2020 оны А/102, А-177 тоот хамтарсан тушаалаар “Алт-2” үндэсний хөтөлбөрийг эрчимжүүлэх зорилгоор олгох хөнгөлөлттэй санхүүжилтийн түр журмыг шинэчилсэн.
Уулзалтаар, алт олборлолтыг нэмэгдүүлэх зорилгоор олгож буй хөнгөлөлттэй санхүүжилтийн түр журмын хэрэгжилт, хэрэгжилтийг эрчимжүүлэхэд шаардагдах асуудал, газрын тосны бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх, нийлүүлэлтийн тасалдалгүй, тогтвортой байдлыг хангах зорилгоор импортлогч аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгох асуудлыг хэлэлцэж, талууд хамтран ажиллахаар тохирлоо.
2021 онд алт олборлогч 17 аж ахуйн нэгжид нийт 333 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон бөгөөд олборлогчид төлбөрөө тухайн ондоо цаг хугацаанд нь бүрэн төлж барагдуулсан учир аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих үүднээс тус журмын үйлчлэлийг үргэлжлүүлэн, 2022 онд 49.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгоод байна. Нийт 53 аж ахуйн нэгж зээл авах хүсэлт ирүүлсэн бөгөөд зээл олгох үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна.
Мөн Засгийн газрын 311 дүгээр тогтоолоор 2022 онд газрын тосны бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх үүрэг хүлээсэн импортлогч аж ахуйн нэгжүүдэд газрын тосны бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг Монголбанкны санхүүжилтээр арилжааны банкуудаар дамжуулан хөнгөлттэй зээл хэлбэрээр олгосон. Уг тогтоолд нийт 28 аж ахуйн нэгж хамрагдсанаас зээлийн нөхцөл шаардлага хангасан, зээл авах хүсэлт ирүүлсэн 18 аж ахуйн нэгжид 2021-2022 онд 483 тэрбум төгрөгийн зээлийг олгоод байна.