УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД Г.ЁНДОН ХБНГУ-ЫН СИБИЭМ КОМПАНИЙН УДИРДЛАГУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон ХБНГУ-ын СиБиЭм компанийн удирдлагуудыг хүлээн авч уулзан Монгол, Германы уул уурхайн салбарын хамтын ажиллагаа, ялангуяа хамтарсан судалгааны ажил хийх, Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль (GMIT) болон Германы Аахен хотын их сургууль хооронд хамтын ажиллагаа тогтоох, хөгжүүлэх талаар санал солилцлоо. СиБиЭм компанийн гүйцэтгэх захирал Матиас Бауэр, тус компани нь ХБНГУ-ын Эдийн засаг, хөгжлийн яамны дэмжлэгтэйгээр BGR төсөл, Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургуультай хамтран Эрдэнэт үйлдвэрийн хаягдлын даланг ашиглах, хэрхэн орд газар болгох талаар судалгааны төслийг хэрэгжүүлж байгааг дурдсан.
УУХҮ-ийн сайд Г.Ёндон Монгол Улсын Засгийн газраас уул уурхай, хүнд үйлдвэрийн чиглэлээр баримталж буй бодлогыг танилцуулаад, Монгол Улс геологийн нөөц бололцоо арвин, цаашид энэ чиглэлээр судалгаа хийх, критикал минералын найдвартай ханган нийлүүлэгч болох бүрэн бололцоотой гэдгийг тэмдэглэн хэлсэн. Мөн Герман улстай өндөр технологийн түүхий эд, ашигт малтмалын ордуудын судалгааг хийх, дэвшилтэт техник технологи нэвтрүүлэхэд хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлээд УУХҮЯ-ны зүгээс салбарын гол хуулиудыг цаг үетэй нийцүүлэн шинэчлэх, шинээр боловсруулах ажлыг эхлүүлээд байгаа, тухайлбал, Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслүүдийг боловсруулсныг тэмдэглэсэн.
Уулзалтад УУХҮЯ-ны Геологийн бодлогын газрын дарга Б.Уянга, АМГТГ-ын Уул уурхай, судалгааны хэлтсийн дарга С.Энхболд, ШУТИС-ийн профессор С.Жаргалан, Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургуулийн профессор М.Баянмөнх, геологич Ч.Энх-Амгалан болон Германы талаас СиБиЭм компанийн гүйцэтгэх захирал Матиас Бауэр, орлогч захирал Кристоф Филмэттер, инженер Б.Эрдэнэбаатар, Аргуплан компанийн гүйцэтгэх захирал Ёорг Фүгман, Констанцийн их сургуулийн профессор Штэфан Мэкинг, уул уурхайн инженер Рудолф Зүпэсс нар оролцлоо.