<strong>ЭМГЭНЭЛ</strong>

<strong>ЭМГЭНЭЛ</strong>

ЭМГЭНЭЛ

Харчууд овогт Өвгөнхүүгийн Жамьяндорж

/1944-2022/

Монгол Улсын нэрт геологич, эрхэм хүмүүн Өвгөнхүүгийн Жамьяндорж 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр тэнгэрийн оронд заларч, геологчид бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

Өвгөнхүүгийн Жамьяндорж нь 1944 онд Төв аймгийн Эрдэнэсант сумын нутаг Өл гэдэг газар айлын 3 дахь хүү болон мэндэлжээ. Тэрээр 1962 онд нийслэлийн 1 дүгээр сургуулийг дүүргэж, улмаар 1963-1968 онд Монгол Улсын Их Сургуулийн геологийн ангид суралцаж ашигт малтмалын эрэл, зураглалын геологич инженер мэргэжил эзэмшсэн билээ.

Ажлын гараагаа Улаанбаатарын геологийн удирдах газрын харьяа 1:200000-ны масштабтай геологийн зураглалын Ерөөгийн ангид геологичоор эхэлж, 1971-1973 онд Туулын, 1973-1975 онд Өнжүүлийн, 1975-1976 онд Улаангомын ангид геологич, ерөнхий геологич, ангийн геологичоор ажиллаж байлаа.

Мөн 1983-1985 онд ГУУҮШИ-ийн үнэт металлын тасагт, 1986-1998 онд региональ геологийн секторт эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж Төв, Дорнод Монголын 1:500000-ны масштабтай геологийн зураг, Монгол орны 1:1000000-ны масштабтай геологийн ба структур-формацийн зураг зохиох зэрэг салбарын гол баримтлах суурь бүтээлүүдийн зохиогчдын нэг байсан юм. Үүнээс гадна Дархан, Хөвсгөл, Баянхонгорын экспедицээс хэрэгжүүлсэн 1:50000-ны масштабтай геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлын 5 төслийн удирдагчаар ажиллаж, 1998-2007 онд Буурал уул-50, Замын үүд-50, Буянт-50, Баян-Уул-50, Дөшхайрхан-50, Зост-Өндөр-50 төслүүд, 2008-2014 онуудад Улсын геологийн зургийн УГЗ-200-2007, УГЗ-200-Ө-V, УГЗ-200-Б-V төслүүдэд зохиогч, зөвлөхөөр ажилласан юм. Түүний гар бие оролцож ажилласан төслүүд, геологийн зургууд нь Монгол орны хэмжээнд зохиогдсон тайлангуудын сор бүтээлүүдэд зүй ёсоор тооцогдох бөгөөд үр шимийг нь одоо ч хүртсээр байна.

Ө.Жамьяндорж нь залуу бага наснаасаа шүлэг, яруу найрагт дурлаж, “Миний аав” дууны шүлгийг аавдаа зориулж бичсэн нь “Миний аав адуучин хүн, Миний аав дуучин хүн” хэмээх дуу болон төрж, өнөөдрийг хүртэл 40 гаруй жил ард түмний дунд дуулагдсаар иржээ.

Тухайн үеийн Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамнаас эрхлэн гаргадаг байсан үйлдвэрлэл-эрдэм шинжилгээний “Хайгуулчин” сэтгүүлд 1976 оноос өнөөдрийг хүртэл хариуцлагатай нарийн бичгийн даргаас эхлээд орлогч эрхлэгч болтлоо ажиллан, салбарын хамт олны оюуны мэлмийг нээх их үйлсэд өөрийн эрдэм мэдлэг, номын хүний их авьяас чадварыг харамгүй хайрласаар ирсэн юм. Түүний бичиж туурвисан “Дэлхийн тухай өгүүлэх нь” (1982), “Чулуун модны гайхамшиг” (1985), “Хүн ба чулуун мандал” (1987), “Газар дэлхийн товч түүх” (1989) нэртэй шинжлэх ухааны хялбаршуулсан дөрвөлсөн зохиол бүтээл нь Хүүхэд-залуучуудын нэвтэрхий толийг бүтээхэд суурь мэдээлэл болон ашиглагдаж байсан юм.   

 Геологийн нэр томьёоны Орос-Монгол-Англи толийг салбарын эрдэмтэдтэй хамтран 1994 онд эмхэтгэн гаргаж байсан ба 2009 онд хэвлэгдсэн “Монголын геологи ба ашигт малтмал” 8 ботийн I, II, III ботиудад нэр томьёо, найруулгын редакц хийснээс гадна Геологийн албаны 70, 80 жилийн ойд зориулсан “Даяарт дуурсагдах далан жил”, “Нартад дуурсагдах наян жил” түүхэн замналын номыг бичиж, хянан тохиолдуулсан.

Ө.Жамьяндоржийн геологийн салбарт оруулсан хувь нэмрийг төр засгаас өндрөөр үнэлж, 2002 онд Алтангадас одон, 2009 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнаж байлаа.

Бичгийн хүмүүн гэж хэлж болохоор түүний бүтээлүүдээс цаг хугацааны эрхээр бүдгэрсээр байгаа түүхэн баримт материалууд, салбараас тодрон гарсан алдартнуудын намтар, бүтээл, дурсамжийг судлан мэдэх боломжтой байдаг ба хойч үедээ өвлүүлэн үлдээх их ажлын “гүүр” болж явсан эрхэм геологичоо бид үеийн үед үүрд дурсан санах болно.

Талийгаачийн гэр бүл, үр хүүхдүүд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ