ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯНД УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ НЭГДЛЭЭ
Дэлхийн 180 гаруй улс жил бүрийн 11 дүгээр сарын 25-аас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-г нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэхүү аяны зорилго нь хөвгүүд эрэгтэйчүүдийн оролцоог хангах замаар охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй аливаа хүчирхийллийн эсрэг хөдөлгөөнд нэгдэж, хэзээ ч “хүчирхийлэл үйлдэхгүй, хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхгүй” хэмээн илэрхийлдэг.
Тус аяныг Монгол Улсад анх удаа 1997 оноос эхлэн ТББ-ын санаачилгаар зохион байгуулж эхэлсэн. Жендэрийн үндэсний хороо нь 2017 оноос аливаа хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт, түүнээс урьдчлан сэргийлэх зорилтын хүрээнд төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагуудыг идэвхийлэн санаачлан уриалж, тэмдэглэн өнгөрүүлж байна.
Энэ жил “Нандин бүхнээ хамгаалъя-өөрийгөө, гэр бүлээ, орчин тойрноо” уриан доор тэмдэглэж байгаа бөгөөд Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан яамдын Жендэрийн салбар зөвлөлүүд тус аянд нэгдэж, хүчирхийллийг таслан зогсоох, түүнээс урьдчилан сэргийлэх санаачилгыг дэмжин ажиллах бөгөөд өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан холбогдох үйл ажиллагааг санаачлан зохион байгуулж, дэмжин ажиллахыг уриалж байна.