ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЗӨВЛӨХ ИНЖЕНЕРҮҮД ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ
“Хүнд үйлдвэрийн салбарын мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг олгох журам”-ын дагуу “Зөвлөх инженер”-ийн зэрэг олгох сургалтыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, “Монголын химич, химийн инженер-технологичдын холбоо” ТББ, ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургууль хамтран 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 11 дүгээр сарын 21-ний хооронд амжилттай зохион байгуулсан.
Энэ удаагийн сургалтад химийн инженер-технологийн чиглэлийн 20 мэргэжилтэн элсэлтийн шалгалтад тэнцэн, батлагдсан хөтөлбөрийн дагуу 150 багц цагийн хичээлийг судалж, мэргэжлийн болон тайлан хамгаалах шалгалтыг амжилттай өгч тэнцсэн байна.
Дээрх мэргэжилтнүүдэд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадагвын 2023 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн А/19 дугаар тушаалаар 2 зөвлөх инженерийн зэргийг сунгаж, 18 мэргэжилтэнд зөвлөх инженерийн зэргийг шинээр олгов.
Шинэчлэн баталсан “Хүнд үйлдвэрийн салбарын инженерүүдэд мэргэшлийн зэрэг олгох журам”-ын 4.4 дэх заалтад ёслолын ажиллагаан дээр тангараг өргөснөөр Мэргэшсэн болон Зөвлөх инженерийн зэрэг хүчин төгөлдөр болсонд тооцогдоно гэж заасан. Ийнхүү тангараг өргөсөн мэргэжилтнүүд зөвлөх инженерийн зэрэгтэй боллоо.