ХАЙГУУЛЫН АЖИЛД ХЭРЭГЛЭГДЭХ ГОЛЛОХ 30 ТӨРЛИЙН АШИГТ МАЛТМАЛЫН АРГАЧИЛСАН ЗӨВЛӨМЖИЙГ БОЛОВСРУУЛЖ ДУУСЛАА
Монгол орны геологийн судалгаа, уул уурхайн үйлдвэрлэл, эдийн засагт чухал байр суурийг эзэлж байгаа голлох ашигт малтмал болон цаашид хэтийн төлөв өндөр технологийн түүхий эд, түгээмэл тархацтай ашигт малтмал зэрэг эхний ээлжинд шаардлагатай 30 төрлийн ашигт малтмалын аргачилсан зөвлөмжийг боловсруулж дуусгаад байна.
Аргачилсан зөвлөмжийг олон улсад геологийн салбарт мөрдөж байгаа ижил төстэй заавар, стандарттай аль болох нийцүүлэн боловсруулахыг зорьсон бөгөөд нийтдээ 47 зохиогч, 37 шинжээч, 9 редакцын гишүүнээс гадна олон геологичдын санал, зөвлөмжийг тусгасан хамтын бүтээл болсон юм.
Энэхүү ажлыг анхлан санаачилж, бодит үр дүнд хүргэсэн ШУТИС-ийн ГУУС-ийн харьяа Эрдэс баялгийн судалгаа, геомэдээлэл, сургалтын төвийн захирал Монгол Улсын гавьяат багш, доктор, профессор Г.Ухнаа, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий геологич, доктор дэд профессор Д.Алтанхуяг нарт, салбарын үйл ажиллагааг ямагт дэмжин хамтран ажилладаг Австрали-Монголын эрдэс баялгийн хамтын ажиллагааны хөтөлбөр AMEP-2 төсөл, Герман-Монголын хамтын ажиллагааны Эрдэс баялгийн тогтвортой удирдлагын зөвлөх үйлчилгээ төсөл, Канад Улсын СЕСМИМ төслийн хамт олонд болон шинжээч, зохиогчид, редакцийн гишүүд, аргачилсан зөвлөмжийг боловсруулж дууссантай холбоотойгоор зохион байгуулсан сургалтад хамрагдсан нийт геологчиддоо Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны хамт олны нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.