ЭМГЭНЭЛ
МОНГОЛ ОВОГТ БАТТОГТОХЫН ШАТАР (1943-2023)
Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, “Адуунчулуун” хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, Түлш эрчим хүчний салбарын ахмад ажилтан Баттогтохын Шатар нь 2023 оны 5 дугаар сарын 10-ний өдөр хүнд өвчний улмаас гэгээн алсад одож бид бүхэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Б.Шатар нь 1966 онд Политехникийн дээд сургуулийг Дулааны цахилгаан станцын инженер мэргэжлээр дүүргэн улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө өөрийн ухамсарт амьдралаа харамгүй зориулсан юм.
Тэрбээр ажлын гараагаа 1966-1975 онд Улаанбаатар хотын Дулааны 2-р цахилгаан станцын трубины машинист, мастер, цехийн дарга, 1975-1984 онд Дулааны 3-р цахилгаан станцад ахлах инженер, үйлдвэрлэл эрхэлсэн орлогч дарга, 1984-1987 онд Дулааны 2-р цахилгаан станцын дарга, 1987-1990 онд Чойбалсан хотын Дулааны цахилгаан станцын дарга, 1990-1995 онд Улаанбаатар хотын Дулааны 4-р цахилгаан станцын дарга, 1995-2004 онд Эрчим хүчний засвар, угсралтын Монгол-Оросын хамтарсан үйлдвэр “Монгол-Энерги сервис” ХХК-ийн захирал, 1999-2003 онд “Адуунчулуун” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, 2003-2017 онд “Адуунчулуун” ХК-ийн гүйцэтгэх захирал, 2018-2023 онд тус компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байлаа.
Олны итгэлийг хүлээсэн төр нийгмийн зүтгэлтэн, хамт олон, ирээдүй хойч үеийг үлгэрлэн манлайлагч тэрээр 1990-ээд онд улс орон төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн баримжаатай эдийн засгийн харилцаанд шилжсэн шилжилтийн хүндхэн цаг үед эрчим хүчний салбарыг шинэчлэх, тогтвортой хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан алдар гавьяатай эрхэм байсан билээ.
Мөн Монгол Улсад хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, улс орныг эрчим хүчээр тасралтгүй, найдвартай хангах үйлсэд өөрийн оюун ухаан, мэдлэг ур чадвараа дайчлан ажиллаж ирсэн манай чадварлаг удирдагчдын нэг байлаа.
Түүний хөдөлмөрийн амжилтыг төр засгаас өндрөөр үнэлж, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон, Алтангадас одон, МХЗЭ-ийн Төв хорооны “Тэргүүний ажилчин залуу” болон бусад ойн медалиуд, түлш эрчим хүчний салбарын тэргүүний ажилтан, цол тэмдгээр шагнасан юм.
Түүний ажилч хичээнгүй хөдөлмөрч зан чанар, гэгээн дүр бидний сэтгэл зүрхэнд мөнх дурсагдах болно. Гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХАМТ ОЛОН