АЖ ҮЙЛДВЭРЖИЛТИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ II ХУРАЛДААН БОЛЛОО
Хурлаар 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдөр болсон Аж үйлдвэржилтийн үндэсний зөвлөгөөний үр дүнг нэгтгэн хэлэлцэж, хорооны ажлын төлөвлөгөөнд тусган батлав. Мөн Дэд хороодод өгсөн үүргийн дагуу хариуцсан салбар бүрт тэргүүн ээлжинд хэрэгжүүлэх төслийн танилцуулгуудыг сонсов.
Нүүрсний чиглэлээр Дорнодын бүсийн хүрэн нүүрсний ордуудыг түшиглэсэн Чойбалсангийн Аж үйлдвэрийн парк төсөл буюу диметилийн болон устөрөгчийн үйлдвэр, Төвийн бүсийн нүүрсний ордуудыг түшиглэсэн Чойрын Аж үйлдвэрийн парк төсөл буюу диметилийн болон метанолын үйлдвэрийн төслүүд;
Зэсийн чиглэлээр Эрдэнэт үйлдвэрийг түшиглэсэн зэсийн баяжмал боловсруулах болон Элементийн хүхрийн үйлдвэрийн төсөл;
Хар төмөрлөгийн чиглэлээр Дарханы бүсэд Уул уурхайн металлургийн цогцолбор буюу нойтон баяжуулах, мини шууд ангижруулах, хорголж, кокс, ширэм, гангийн үйлдвэрүүд, Дорноговь аймагт Алтанширээт, Гэрэлт говь Аж үйлдвэрийн паркын төслүүдийг тус тус танилцуулж, хэлэлцлээ.
Аж үйлдвэржилтийн үндэсний хорооны 2 дугаар хурлын үр дүнд дээрх сонгогдсон төслүүдэд дараагийн шатны мэдээлэл боловсруулалт хийж, 2023 оны 3 дугаар улиралд багтаан Засгийн газарт танилцуулж бодлогын шийдвэр гаргуулахаар төлөвлөлөө.