УУЛ УУРХАЙН САЛБАРЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОЛОН УЛСЫН ӨДӨР ӨНӨӨДӨР ТОХИОЖ БАЙНА
Жил бүрийн зургаадугаар сарын 15-ны энэ өдөр Олон улсын уул уурхайн салбарт ажиллаж буй эмэгтэйчүүдийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг.
Уул уурхайн салбарын эмэгтэйчүүдийн олон улсын өдөр (IDWIM 2023)-ийг “Уул уурхай дахь эрх тэгш байдлыг хангах нь хүн бүрийн хариуцлага” гэсэн уриан доор тэмдэглэн өнгөрүүлж байна. Жендэрийн оролцоо нь салбарын урт хугацааны тогтвортой байдлыг хангах хамгийн том хөрөнгө юм.
Уул уурхайн нэмүү өртгийн сүлжээнд ажиллаж буй эмэгтэйчүүд, ирээдүйд уул уурхайн салбарт хүчин зүтгэх гэж буй эмэгтэйчүүдийг алдаршуулах зорилгоор энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд илүү тогтвортой, олон талт, хүртээмжтэй уул уурхайн салбарыг бий болгоход чиглэсэн ажил хэрэгч санаачилга гарган салбар болон хувь хүмүүсийг хамтдаа, хамтран ажиллахыг уриалсан компанит ажил өрнүүлдэг.
Монгол Улсын уул уурхайн салбарт ажиллаж буй нийт ажилчдын 20 орчим хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Эмэгтэйчүүд бол иргэний нийгмийн хүчтэй хэсэг, тэр дундаа эрдэс баялгийн салбарын бүсгүйчүүд энэ цаг үеийн баялаг бүтээгчид билээ. Олон улсын уул уурхайн салбарт ажиллаж буй эмэгтэйчүүдийн өдрийг тохиолдуулан салбарын нийт эмэгтэйчүүддээ баярын мэнд хүргэхийн ялдамд та бүхний оролцоотойгоор салбарын хариуцлага улам бэхжиж, уян хатан бодлого, шийдвэрүүд гарч байдгийг тэмдэглэн хэлье.
Ж.ГАНБААТАР УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД