ТАТВАР ТӨЛӨХ ХУГАЦААГ СУНГАХ, ХЭСЭГЧЛЭН ТӨЛҮҮЛЭХ, ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль /шинэчилсэн найруулга/ 2022 оны 7 дугаар сарын 5-ны өдөр батлагдаж, тус оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн.
Уг хуулиар үйлдвэрлэл, технологийн парк байгуулах, түүний удирдлага, нэгжийн үйл ажиллагааны зохион байгуулалтын эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулсан бөгөөд төрөөс паркийн удирдлага, нэгжийн үйл ажиллагаанд татварын дэмжлэг үзүүлэхээр заасан.
Үүний дагуу Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж “Үйлдвэрлэл, технологийн паркийн удирдлага, нэгжийн үндсэн хөрөнгө бий болгоход шаардагдах, дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй импортоор оруулж байгаа барилгын материал, дэд бүтэц, тоног төхөөрөмжийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын төлөх хугацааг 4 жил хүртэлх хугацаагаар нэг удаа сунгах шийдвэрийг Засгийн газар гаргаж болно” гэж заасан.
Энэ хүрээнд Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 337 дугаар тогтоолоор “Татвар төлөх хугацааг сунгах, хэсэгчлэн төлүүлэх, татвараас чөлөөлөх журам” батлагдан гараад байна.
Холбоос: https://legalinfo.mn/mn/detail?lawId=16959905267541