МЭНДЧИЛГЭЭ
Монгол туургатны их баяр ёслол, XVII жарны модон луу жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний билигт сайн өдөр, Сар шинээ ураг төрлөөрөө, жаргал дүүрэн угтах гэж буй монголчууд та бүхэндээ энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье ээ.
Улс, эх орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн хөтөч, баялаг бүтээгч Эрдэс баялгийн салбар маань өнгөрөгч онд Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 31.6 хувийг бүрдүүлж, нүүрс экспорт түүхэн дээд хэмжээнд хүрсэн амжилтаар усан туулай жилээ үдэж байна.
Ил тод, хариуцлагатай уул уурхайг дэлхийн жишигт хүрэхээр зорьж буй манай салбар өдгөө дотоодын нийт бүтээгдэхүүний 27 хувь, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 71 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 78 хувь, экспортын орлогын 92 хувийг бүрдүүлж байна.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам нь салбарын бодлогоо түүхий эдийн дэлхий нийтийн чиг хандлага, эрэлт, хэрэгцээнд тулгуурлан тодорхойлж, холбогдох хууль, эрх зүйн орчныг шинэчлэн сайжруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилт дэвшүүлэн дотоодын олборлолт, боловсруулалтыг эрчимжүүлж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн гадаад зах зээлд нээлттэй, ил тод худалдах зарчмыг баримтлан ажиллаж байна.
Энэ хүрээнд бид Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг боловсруулан батлуулж, Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар хэлэлцүүлэхээр бэлтгэл ажлыг хангаад байна. Эдгээр хуулийг баталснаар Уул уурхайн баялгийг иргэн бүрд тэгш хүртээх, хөрөнгө оруулалт, бизнесийн орчин сайжрах, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ цэн өсөх, үүнийг дагаад эдийн засгийн бусад салбар хөгжих зэрэг өргөн хүрээний ач холбогдолтой юм.
Сар шинийн босгон дээр ард иргэдийнхээ өргөн хэрэглээний бензин, дизель түлшний үнийг литр тутамд 300-400₮-өөр бууруулсан таатай мэдээтэй байна.
Салбарын түүхэн хөгжилд эрдэм мэдлэг, авьяас чадвар, хүч хөдөлмөр, сэтгэл зүрхээ харамгүй зориулж ирсэн үе үеийн ахмад буурлууддаа, одоо ажиллаж байгаа салбарын нийт хамт олондоо Сар шинийн мэнд дэвшүүлж, учран золгож буй модон луу жилдээ амжилт бүтээлээр оргилж явахын ерөөл өргөе.
Тэргүүн сарын шинийн нэгний энх мэндтэй
Түмэн олон та бүхэн минь
Сар шинэдээ
Сайхан шинэлээрэй.
Ж.Ганбаатар Монгол Улсын Их Хурлын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд