МОНГОЛ УЛСАД ГАЗРЫН ТОСНЫ САЛБАР ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ ТҮҮХТ 83 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ
Монгол Улсын Газрын тосны салбарын хөгжилд хөдөлмөр бүтээл, хөлс хүчээ харамгүй зориулж салбарын он цагийн түүхийг бүтээлцсэн ахмадууддаа, одоо ажиллаж байгаа салбарын нийт хамт олондоо, эрдэмтэн, судлаачид, залуу үеийнхэндээ Монгол Улсад газрын тосны салбар үүсэж хөгжсөний түүхт 83 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлж, Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баяр хүргэж, ажлын амжилт, амьдралд нь аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
БНМАУ-ын Ардын Сайд нарын зөвлөлийн 1941 оны 02-р сарын 28-ны өдрийн “Союзнефтьэкспорт нэгдлийн төлөөлөгчийн газраас зарим барилга байгууламж, техник тоног төхөөрөмжийг шилжүүлэн авах тухай” 15 дугаар тогтоолын дагуу тухайн үеийн Тээврийн яамны харьяанд Нефть тосны зүйлүүдийг борлуулах ажлыг эрхлэх хэлтэс байгуулснаар эхэлсэн газрын тосны салбар өнгөрсөн 83 жилийн хугацаанд манай улсын стратегийн ач холбогдолтой салбаруудын нэг болж хөгжин, улс орны нийгэм, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд томоохон хувь нэмэр оруулсаар ирлээ.
Манай улс 1920-иод оноос газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэж эхэлсэн талаар түүхэн баримтууд байдаг бөгөөд улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийг даган өсөн нэмэгдэж байгаа түлш, шатахууны хэрэглээг хангах ажлыг газрын тосны бүтээгдэхүүн импортлогч, борлуулагч үндэсний компаниуд хариуцан гүйцэтгэж, хангамжийн сүлжээгээрээ дамжуулан аймаг, сум, орон нутагт түгээж, ард иргэд, хэрэглэгчдийг газрын тосны бүтээгдэхүүнээр найдвартай, тасралтгүй ханган ажиллаж байна.
Мөн өсөн нэмэгдэж буй газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээг тогтвортой, найдвартай хангах, импорт нийлүүлэлтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, тогтворжуулах чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас тухай бүр шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлж байгааг тэмдэглэн хэлэх нь зүйтэй юм.
Тэртээ 1940 онд Монголын геологич Ж.Дүгэрсүрэн, ЗХУ-ын геологич Ю.С.Желубовский нарын удирдсан Дорнын экспедицийн 17 дугаар анги Зүүнбаянгийн хотгорт хайгуул судалгааны ажил хийж, газрын тосыг анх илрүүлж байсан түүхтэй.
Үүнээс хойш 10 гаруй жилийн хугацаанд Нялга, Дорноговь, Чойбалсан, Өмнөговь, Тамсагийн сав газруудад 100 гаруй эерэг бүтэц илрүүлэн үнэлгээ өгсөн бөгөөд хайгуулын ажлын үр дүнд Зүүнбаян, Цагаан-элсний орд газрыг нээсэн юм.
Энэхүү 2 орд газрын түшиглэн Зүүнбаянгийн газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж байгуулан, 1949 онд ашиглалтад оруулсан бөгөөд 1950-1969 оны хооронд 500 гаруй мянган тонн газрын тос олборлож, боловсруулан улсын түлш, шатахууны хэрэглээний тодорхой хувийг хангаж байсан түүхэн замналтайг тэмдэглэн хэлэхэд бахархалтай байна.
Монгол Улсын үе үеийн Засгийн газрууд түлш, шатахууны гадаад хамаарлаас ангижрах, нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдолтой Газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж байгуулахыг зорьж үйл ажиллагааныхаа төлөвлөгөөнд тусгаж ирсэн бөгөөд Монгол Улсын Их хурал, Засгийн газраас БНЭУ-аас олгож буй хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр Газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж байгуулахаар шийдвэрлэж, Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт Газрын тос боловсруулах үйлдвэрийн барих төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа нь газрын тосны салбарын түүхэнд бас нэгэн шинэ хуудсыг нээсэн үйл явдал болсон.
Монгол Улсад 1990-ээд оноос газрын тосны хайгуулын ажил дахин идэвхтэй өрнөж эхэлсэн ба улсын хэмжээнд газрын тосны хэтийн төлөв бүхий хайгуулын 39 талбай ялгаснаас өнөөдрийн байдлаар 4 талбайд газрын тосны ашиглалт олборлолтын, 9 талбайд газрын тосны хайгуулын, 6 талбайд уламжлалт бус газрын тос /нүүрсний давхаргын метан хий/-ны хайгуул, судалгааны ажлыг Засгийн газраас эрх олгосны дагуу Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу явуулж байна.
Сүүлийн 30 орчим жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн газрын тосны гэсэн хайгуул, судалгааны ажилд 4.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг зарцуулж, хайгуулын ажлын үр дүнд нийт 332.64 сая.тн газрын тосны баталгаат нөөц, 43.258 сая.тн ашиглалтын баталгаат нөөцийг тогтоож, Монгол Улсын ашигт малтмалын нөөцийн нэгдсэн санд бүртгэн авсан.
Өнгөрсөн 1996-2023 онуудад Тосон-Уул, Тамсаг, Зүүнбаян, Цагаан Элсний орд газруудаас нийт 10.4 сая.тн газрын тос олборлож, экспортлон, экспортын орлогоос БХГ-ний дагуу улсын төсөвт 2.5 их наяд төгрөгийг төвлөрүүлж, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Улс орны нийгэм, эдийн засгийн хөгжил, дэвшлийн хөдөлгүүрийг тэтгэгч газрын тосны салбарын түүхийг бүтээлцсэн ахмадууд, оюун ухаан, мэдлэг чадвар, хүч хөдөлмөрөө дайчлан ажиллаж буй салбарын нийт хамт олон та бүхэндээ Монгол Улсад газрын тосны салбар үүсэж хөгжсөний түүхт 83 жилийн ойн баярыг тохиолдуулан чин сэтгэлийн талархал илэрхийлье.
УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД
Ж.ГАНБААТАР