Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Үндэсний Геологийн албаны үйл ажиллагаатай танилцлаа
Уулзалтад Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Сайдын зөвлөх Ш.Ганхуяг, Үндэсний Геологийн албаны дарга Б.Мөнхтөр, холбогдох албан тушаалтан, мэргэжилтнүүд оролцож Үндэсний Геологийн албаны үйл ажиллагаа, стратеги бодлого төлөвлөлт, геологийн судалгааны явц, тус салбарын ажилчид, хүний нөөцөд тулгамдаж байгаа асуудлын талаар санал солилцов.
Үндэсний Геологийн албаны зүгээс Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваанд үйл ажиллагаа, стратеги төлөвлөлтийн талаар танилцуулав.
o Тус агентлаг нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн бодлоготой уялдуулан геологи, ашигт малтмалын судалгааны ажлууд, 1:500000 масштабтай геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлыг улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд гүйцэтгэх, ойрын 10 жилийн хугацаанд 70%-д хүргэх,
o Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын хүрээнд хилийн дагуух газар нутгийн геологи, ашигт малтмалын судалгаа хийх,
o Газрын тос агуулж болох сав газруудын хэмжээнд геологийн судалгаа, эрэл хайгуулын судалгаа хийх,
o Аж үйлдвэрийн салбарт баримтлах бодлоготой уялдуулан төмөрлөгийн үйлдвэрийг дэмжих зорилгоор геологи, ашигт малтмалын судалгаа хийх,
o Эдийн засгийг дэмжих бодлогын хүрээнд ашигт малтмалын чиглэлийн судалгаа хийх, газрын ховор элементийн үнэлгээний ажлуудыг гүйцэтгэх,
o Хот, аймаг, сум болон бусад суурьшлын бүсүүдийн хөгжлийг дэмжих хүрээнд бүтээн байгуулалт хийгдэх газруудын инженер геологи, геоэкологи, гидрогеологийн судалгааг цогц байдлаар хэрэгжүүлэх,
o Бүсчилсэн хөгжлийн бодлого, төлөвлөлт болон орон нутгийн хөгжлийн бодлогыг дэмжиж, геологи, хайгуулын ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлэх,
o Хүн амын аюулгүй байдал, эрүүл амьдрах боломжийг бүрдүүлж, газар хөдлөлт, хөрсний гулсалт, хөрсний бохирдлын судалгааны ажлуудыг гүйцэтгэх чиглэлээр ажиллаж байгаа юм.
Дээрх чиглэлүүдийн хүрээнд
Үндэсний Геологийн алба нь одоогийн байдлаар геологийн 70 орчим төсөл хэрэгжүүлж байгаа, Тухайлбал, Ховд хотын геоэкологи, Эрдэнэт хотын геоэкологи, Дархан хотын геоэкологи, Улаанбаатар хотын геоэкологийн судалгааг хэрэгжүүлж байгаа бөгөөд байгаль орчны өнөөгийн байдал, хөрс, агаар, усны бохирдол түүний тархалт, геотехник болон грунт гамшиг, ирээдүйд үүсэж болох эрсдэлүүдийн судалгааг томоохон хотуудын нутаг дэвсгэрт гүйцэтгэн ажиллаж байгаагаа танилцуулав.
Түүнчлэн гадаад улсуудын геологийн албадтай санамж бичиг байгуулан, туршлага солилцох замаар хамтын ажиллагаа эхлүүлээд байгаа юм. Тухайлбал, БНСУ, ХБНГУ, Австрали, ИБУИНВУ, ОХУ, БНХАУ, Франц улсуудтай хамтын судалгааг хэрэгжүүлээд байгаа юм. Польшийн Геологийн хүрээн, Германы Байгалийн шинжлэх ухаан, геологийн хүрээлэнтэй техникийн хамтын ажиллагааны төслүүдийг хэрэгжүүлж, ховор металлыг судлан илрүүлэх чиглэлээр судалгааны ажил амжилттай үргэлжилж байгааг онцлон дурдав.
Геологийн суурь судалгааны түвшнийг 1:500000, 1:200000 масштабтай төслийг 100%-ийн гүйцэтгэлээр биелүүлээд байгаа бөгөөд уул уурхайн салбараас Монгол Улсын эдийн засагт үзүүлж буй нөлөөлөл ДНБ-ны 28%, Аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 71%, Экспортын орлогын 92%, Гадаадын шууд хөрөнгө оруулалт 79%, Улсын төсвийн орлого 32% тус тус бүрдэж байгааг уулзалтын үеэр тэмдэглэв.
Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан Үндэсний геологийн алба нь Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамтай нягт хамтарч, геологийн судалгааны мэдээллийн нэгдсэн санг цахимжуулахад анхаарч ажиллах, мөн хил орчмын бүсийн геологийн эрэл хайгуул хэрхэн явагдаж байгаа дээр анхаарал тавин ажиллахыг үүрэг болгов.
Үндэсний баялгийн сангийн тухай хуультай холбоотойгоор тус сангийн хуримтлалыг дүүргэх бодит шаардлага тулгарч байна. Тиймд энэхүү хуримтлалыг бий болгох суурь нөхцөл нь геологийн эрэл хайгуул, судалгааны ажил юм гэдгийг удирдлага, нийт алба хаагчдад сайдын зүгээс илэрхийлэв.
#Аж_үйлдвэр_Эрдэс_баялгийн_яам