Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Бугат хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн УИХ-ын ээлжит сонгуулийн дүнд байгуулагдсан хамтарсан Засгийн газраас Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамыг шинээр байгуулсныг тэмдэглээд, Монгол Улсын Засгийн газраас цаашид аж үйлдвэрийг хөгжүүлэх, олборлолтоос боловсруулалтын түвшинд шилжиж нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд тэргүүлэх ач холбогдол бүхий бодлого баримталж буйг уулзалтын эхэнд онцлон тэмдэглэв.
Тэрбээр, Энэ онд Монгол Улс БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байгааг тэмдэглээд, уул уурхайн салбар нь Монгол Улсын эдийн засагт чухал үүрэгтэй бөгөөд цаашид хөгжлийн шинэ шатанд гарах шилжилтийн энэ үед айлчилж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв.
БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Бугат хотын Эдийн засгийг хөгжүүлэх төвийн дарга ЛиВэнгшиа тус төвийн үйл ажиллагааны талаар товч танилцуулаад, энэ удаагийн айлчлалын бүрэлдэхүүнд Бугат хотын бизнес, үйлдвэрлэгчдийн өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид оролцож буйг онцлов. Тухайлбал, ухаалаг уул уурхай, уул уурхайн тоног төхөөрөмж, тээвэрлэлт, барилга байгууламж, бүтээн байгуулалт зэрэг салбар салбарын төлөөлөл багтсан өргөн бүрэлдэхүүнтэй айлчилж байгаа юм.
Талууд аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарт цаашид хамтран ажиллахад бэлэн байгааг илэрхийлсний зэрэгцээ Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас 10 дугаар сард зохион байгуулах “Уул уурхайн долоо хоног -2024 /Mining week/ арга хэмжээнд оролцохыг урив.
#Аж_үйлдвэр_Эрдэс_баялгийн_яам