Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан Монголын уул уурхайн далд музей, сургалт, судалгаа, аялал жуулчлалын төвийн нээлтэд оролцлоо
2024.08.08-ны өдөр Хэнтий аймгийн Бэрх хотноо Монголын уул уурхайн далд музей, сургалт, судалгаа, аялал жуулчлалын төв нээлтээ хийлээ.
Нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Цэвэгдоржийн Туваан, Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яамны холбогдох албан тушаалтан С.Сүхбат, Б.Дэлгэржаргал, Б.Отгонцэцэг нар оролцов.
Салбарын төлөөлөл, тус төслийг амжилттай хэрэгжихэд томоохон дэмжлэг үзүүлсэн ТӨҮГ, компаниудын төлөөлөл нээлтийн арга хэмжээнд оролцов. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт, “Эрдэнэт” үйлдвэр ТӨҮГ-ын дарга Г.Ёндон, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, “Эрдэнэс Монгол”корпорацын Зэс металл группийн дарга Х.Бадамсүрэн, “Монголросцвентмент” ТӨҮГ-ын захирал Б.Мөнхбат, “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрийн захирал Б.Магсаржав тэргүүтэй холбогдох албан тушаалтнууд оролцож, далд музейн бүтээн байгуулалттай танилцав.
Нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ өдөр Хэнтий аймгийн Бэрх тосгон үүсгэн байгуулагдсаны түүхт 70 жилийн ой, Монгол Улсын анхны өнгөт металлын уурхай, уул уурхайн салбарын анхдагч гүний уурхай гэгдэх “Бэрхийн уурхай” ашиглалтад орж, үйл ажиллагаа явуулан Монгол Улсын эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулсны 70 жилийн ой тохиож буйг онцлон тэмдэглэж их эзэн Чингис хааны өлгийг аялал жуулчлал, уул уурхайн тогтвортой бүс болгон хөгжүүлэх бүтээн байгуулалт бий болсныг тэмдэглэв.
Монголын уул уурхайн далд музей, сургалт, судалгаа, аялал жуулчлалын төвийн төсөл нь Монгол Улсын Засгийн газраас “Аялал жуулчлал”-ын салбарт тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэж, хөгжлийг эрчимжүүлэн, салбарын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, цаашид аялал жуулчлалыг бүс нутгуудад жигд хөгжүүлэх замаар орон нутагт тогтвортой хөгжлийг хангах зорилгоор бүтээн байгуулагдсаныг төслийг санаачлагчдын зүгээс онцлов.
Монгол орны өнөөгийн эдийн засгийн гол тулгуур улсын төсвийн ихэнх хувийг уул уурхайн салбар дангаараа бүрдүүлдэг. Түүний зэрэгцээ экологийн системийн бүрэн бүтэн байдал алдагдах аюул, байгаль орчинд таагүй нөлөө үзүүлэх эрсдэл манай салбарт нэн тулгамдсан асуудал юм.
Энэхүү төслийн бүтээн байгуулалт хэрэгжсэнээр бий болох давуу талууд;
•Ашиглалтын үйл ажиллагаа явагдаж дууссан, уул уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газрыг нөхөн сэргээж эдийн засгийн эргэлтэд оруулсан олон улсын туршлагад үндэслэн Монгол Улсад уул уурхайн хаалтын менежмент, нөхөн сэргээлтийн шинэ жишиг тогтоох,
•Ашиглагдсан уурхайг эдийн засгийн эргэлтэд оруулах, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулах,
•Төслийн бүтээн байгуулалтын үед газрын доор малталт нэвтрэлт, барилга угсралт, засвар, зам талбай, гадна тохижилтын ажлын явцад нийт 200 гаруй хүний түр ажлын байр, ашиглалтын үед 26 хүний байнгын ажлын байр бий болж байнгын ажлын байранд нийт ажилчдын 90 хувийг орон нутгийн иргэдээс бүрдүүлэх,
•Далд уурхайн мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэдэг улсын болон хувийн их, дээд, тусгай мэргэжлийн 18 их, дээд сургуулиудад жил бүр 1100 оюутан суралцаж 240 шинэ мэргэжилтэн бэлтгэгдэн гарч байгаа бөгөөд эдгээр оюутан сурагчдад үйлдвэрлэлийн дадлага хийх, сургалтын бааз бий болгох, тодорхой мэргэжлүүдээр мэргэжлийн ажилтан бэлтгэх, тэсэлгээний болон геотехникийн судалгаа хийдэг судалгаа шинжилгээний төвтэй болох,
•Орон нутгийг зорих, дамжин өнгөрөх дотоод болон гадаадын жуулчдын тоог нэмэгдүүлэх,
•Орон нутгийн бизнес эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлэх зэрэг давуу талуудыг бий болгож буй юм.
“Монголын далд уурхайн музей, сургалт судалгаа, аялал жуулчлалын төв” төслийн бүтээн байгуулалтын ажилд зориулж улсын төсвөөс 5.96 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт батлагдаж, Монголросцветмент, Эрдэнэт ТӨҮГ, Эрдэнэс Тавантолгой ХК-иудын хандиваар дэд бүтэц, гадна, доно талбай тохижуулалтын олон ажлууд үр дүнтэй хийгдэж дууссаныг нээлтийн үеэр онцлон тэмдэглэв.