Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан Бүгд найрамдах Энэтхэг улсын тусгаар тогтнолын ойн хүндэтгэлийн арга хэмжээнд оролцлоо
Бүгд найрамдах Энэтхэг Улсын тусгаар тогтнолын 78 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээг Монгол Улсын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Цэвэгдоржийн Туваан нээж үг хэлэв.
Тэрбээр, хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг 2025 онд ёслол төгөлдөр тэмдэглэх гэж буйг онцлоод, Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын харилцаа, хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн хүрээнд улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, уул уурхай, аж үйлдвэр, газрын тос, соёл, боловсрол, хүмүүнлэг зэрэг нийгмийн бүхий л салбарт гүнзгийрэн хөгжиж байгаад талархалтай байгаагаа илэрхийлэв.
Монгол Улсын эдийн засгийн хөгжилд нэн ач холбогдолтой бүтээн байгуулалтын төслүүдийг Энэтхэг Улстай хамтран хэрэгжүүлж буйг онцлон тэмдэглэв. Тухайлбал, хоёр улсын хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил амжилттай үргэлжилж, төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулахаар талууд нягт хамтран ажиллаж буйг салбарын сайд дурдав.
Тэрбээр үргэлжлүүлэн, цаашид манай хоёр улсын харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа илэрхийлээд, Монгол, Энэтхэгийн найрсаг харилцаа, оюун санааны түншлэлийг бэхжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулж ирсэн анд нөхөд, Эрхэмсэг ноён Элчин сайд Атул Готсурвед тусгаар тогтнолын баярын мэндийг хүргэв.