Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан Узбекстан улс дахь “Chevrolet” автомашины үйлдвэрийн гүйцэтгэх захирал Улмасбек Алимовыг хүлээн авч уулзлаа
Уулзалтад Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан, газрын дарга С.Сүхбат, Узбекстан улс дахь “Chevrolet” автомашины үйлдвэрийн Гүйцэтгэх захирал Улмасбек Алимов, Төв Азийн бүсийн худалдаа хариуцсан захирал Зафар Закиров, Гадаад харилцаа, экспорт хариуцсан захирал Зохид Саламов, “Доктор авто чэйн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал З.Чинзориг нар оролцож импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд салбарын хөгжлийг түргэтгэх, байгаль орчинд сөрөг нөлөө багатай тэргүүний технологи нэвтрүүлэх, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцов.
Уулзалтын эхэнд Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн дүнд шинээр байгуулагдсан хамтарсан Засгийн газар Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яам байгуулсныг онцлоод, Узбекстан улс дахь “Chevrolet” автомашины үйлдвэрийн удирдлагуудтай уулзаж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв.
Монгол Улсын Засгийн газраас аж үйлдвэрийг хөгжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл болон эрдэс баялгийн боловсруулалтад тэргүүлэх ач холбогдол өгч байгаа бөгөөд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний сүлжээг бий болгох, инновац шингэсэн тэргүүний техник, технологи нэвтрүүлэх, нутагшуулах, дамжуулах, үйлдвэрлэл технологийн парк байгуулах замаар аж үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчин, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ногоон хөгжлийг дэмжих зэрэгт онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаагаа тэмдэглэв.
Манай яам нь холбогдох хууль эрх зүйн орчны хүрээнд ”Төмөрлөг боловсруулах үйлдвэрлэл эрхлэх”, “Машины үйлдвэрлэл эрхлэх”, “Үнэт металл, эрдэнийн чулуугаар эдлэл хийх, үйлдвэрлэл эрхлэх” чиглэлүүдээр тусгай зөвшөөрөл олгож байна. Уг тусгай зөвшөөрлүүдийг олгосноор экспортыг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх, Монгол Улсын хог хаягдлын менежментийг сайжруулах, хоёрдогч түүхий эд материалыг боловсруулан нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэрэг боломжийг бүрдүүлж байгааг салбарын сайдын зүгээс дурдав.
#Аж_үйлдвэр_Эрдэс_баялгийн_яам