Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан ОХУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Уулзалтад Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан, ЗГ-ын Ахлах референт Н.Буяндэлгэр, Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яамны ГТБГ-ын дарга Б.Анхбаяр, ГБГ-ын дарга Х.Санчигдорж, ГХАХ-ийн ахлах мэргэжилтэн Б.Батцэцэг, ОХУ-ын “Зарубежгеология” компанийн талаас “Зарубежгеология” компанийн ерөнхий захирал А.С.Десяткин, Худалдааны төлөөлөгч Максим Викторович Васильев нар оролцож цаашдын геологийн судалгаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Уулзалтын эхэнд ОХУ-ын “Зарубежгеология” компанийн ерөнхий захирал А.С.Десяткин ЗСБНХОУ-ын үед 1960-д онд Монгол Улсын нутаг дэвсгэрт геологи хайгуулын ажил хийгдэж байсан, мөн 2019 онд Ашигт малтмал, газрын тосны газар болон Оросын Холбооны Улсын Росгеология хувьцаат нийгэмлэг хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсныг тэмдэглээд цаашид АҮЭБЯ-тай геологийн салбарт хамтран ажиллах сонирхолтой байгааг илэрхийлэв.
Мөн 2024 оны 4-р сарын 18-нд Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хүрээнд газрын хэвлийн ашиглалтын хамтарсан дэд комиссын хуралдаан цахимаар зохион байгуулагдсаныг дурдаад Зарубежгеология компани Монгол Улсад төлөөлөгчийн газраа байгуулах, мөн хил орчмын бүс нутгуудад геологийн судалгааны ажил хийх, хамтран ажиллах сонирхолтой буйгаа дурдав.
Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловын Монголд хийсэн айлчлалын үеэр тодорхой асуудлууд яригдсаныг дурдаад, тус компанийн Монгол Улсад төлөөлөгчийн газар байгуулах асуудлыг “Нэг цонхны бодлого”-ын хүрээнд ГХЯ-тай хамтран ярилцахаа онцлон тэмдэглэв.
Салбарын сайд Ц.Туваан Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам Монголын Уул уурхайн үндэсний ассоциацитай хамтран 2024 оны 10-р сарын 02-05-ны өдрүүдэд “Уул уурхайн долоо хоног (Mining week-2024)” арга хэмжээ, “MinePro” үзэсгэлэнг зохион байгуулахаа тэмдэглээд аж үйлдвэр, уул уурхай, геологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ОХУ-ын сонирхсон аж ахуйн нэгж, байгууллагуудыг оролцохыг урилаа.
#Аж_үйлдвэр_Эрдэс_баялгийн_яам