Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам “Mongolia Mining” үзэсгэлэнтэй хамтран ажиллана
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам “Mongolia Mining” олон улсын уул уурхайн үзэсгэлэнг албан ёсоор дэмжин ажиллахаар харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав. Санамж бичигт Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц. Туваан, “Mongolia Mining” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулагч Майнэкс Монголиа ХХК-ийн Ерөнхий захирал Т.Баттулга нар 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр гарын үсэг зурав.
13 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа Mongolia Mining олон улсын уул уурхайн үзэсгэлэн нь салбарын техник, технологийн гол арга хэмжээ бөгөөд Монголын уул уурхайн салбарын шилдэг ханган нийлүүлэгчид, олон улсын компаниуд бүтээгдэхүүнээ танилцуулах хамгийн чухал бизнесийн хамтын ажиллагааны орчин юм. Энэ жил “Mongolia Mining” 2024 үзэсгэлэн 10 сарын 08-10-ны өдрүүдэд уламжлал ёсоор Буянт-Ухаа спортын ордонд зохион байгуулагдах ба үзэсгэлэнд 10 гаруй орны 250 орчим үзэсгэлэн гаргагч оролцохоор бүртгүүлж, бэлтгэлээ хангаад байна.
Санамж бичгээр харилцан тохиролцсоны дагуу Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам “Mongolia Mining” 2024 үзэсгэлэнгийн зохион байгуулалтад хамтран оролцож, үзэсгэлэнгийн үеэр болох семинар, хамтын ажиллагааны арга хэмжээнүүдэд мэдээлэл хийнэ. “Mongolia Mining” үзэсгэлэнгийн хувьд салбарын олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулахаас гадна аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын төрийн бодлогыг үзэсгэлэнд оролцогч гадаад, дотоодын аж ахуйн нэгжүүдэд сурталчлан таниулах үүрэг хүлээнэ.
Ийнхүү Монголын уул уурхайн салбарын техник технологи, ханган нийлүүлэлтийн хамгийн гол арга хэмжээг салбарын яам дэмжин, сттратегийн түншлэл байгуулан хамтарч ажиллах болсон нь уул уурхайн салбарын хамтын ажиллагаа өргөжиж, эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулах алхам боллоо. Санамж бичиг байгуулах үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц. Туваан удахгүй болох Mongolia Mining 2024 арга хэмжээнд яам хамтран оролцох болсныг тэмдэглээд, уул уурхайн салбарын аж ахуйн нэгжүүд, мэргэжилтнүүдийг өргөнөөр оролцохыг уриалав.
#Аж_үйлдвэр_Эрдэс_баялгийн_яам