Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн АНУ-ын Худалдааны яамны Худалдааны хууль тогтоомжийг хөгжүүлэх хөтөлбөр (CLDP)-ийн зөвлөх Винфийлд Вилсоныг хүлээн авч уулзлаа
Уулзалтын эхэнд, Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар болон уул уурхайн компаниудын холбогдох албан хаагчдад Монгол Улсын уул уурхайн салбарын хууль тогтоомжид дүн шинжилгээ хийх, мэдлэг олгох, туршлага хуримтлуулах сургалт семинарыг Улаанбаатар хот болон Өмнөговь аймгийн Даланзадгад суманд зохион байгуулж хамтран ажилласанд ноён В.Вилсонд талархал илэрхийлээд, Монгол Улсын Засгийн газраас аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарт баримталж буй бодлого, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан томоохон төсөл хөтөлбөрийн талаар товч танилцуулав.
Тэрээр уул уурхайн салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр АНУ-тай хамтын ажиллагааг үргэлжлүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.
В.Вилсон энэхүү сургалтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж хамтран ажилласан АҮЭБЯ болон холбогдох албаны хүмүүст талархал илэрхийлэв.
Монгол Улсын ашигт малтмалын салбарын хууль тогтоомжийн өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийх, эрх зүйн орчныг сайжруулах, техникийн болон зөвлөх үйлчилгээ үзүүлэх зорилгоор АНУ-ын Худалдааны яамны Худалдааны хууль тогтоомжийг хөгжүүлэх хөтөлбөр (CLDP)-ийн хүрээнд сургалт, семинарыг Улаанбаатар хот болон Даланзадгад суманд зохион байгуулж нийт 80 орчим хүн оролцсон байна.
Сургалтын үеэр Засгийн газар, уул уурхайн компани, орон нутаг хоорондын хамтын ажиллагаа болон орон нутгийн иргэдийн хүртэх үр ашгийг 3 талт хэлэлцээрээр хэрхэн оновчтой, зөв, харилцан ашигтайгаар байгуулах талаар оролцогчид санал бодлоо солилцсон талаар онцлов.