ЭМГЭНЭЛ. ГОНГОРЫН РЭНЦЭНДОРЖ /1935-2024 он/
Монголын уул уурхайн салбарын ахмад уурхайчин, МУ-ын зөвлөх инженер, Уул уурхайн зураг төслийн анхны инженерүүдийн нэг, бидний хүдэтгэлийг хүлээсэн эрхэм хүн Гонгорын Рэнцэндорж нь 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр өвчний улмаас таалал төгсч, уул уурхайн салбарын хамт олон бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Гонгорын Рэнцэндорж нь 1935 оны 8-р сарын 15-нд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт төрсөн. Бага насаа эцэг, эхийн гар дээр өнгөрүүлж, 1955 онд аймгийн 2-р арван жилийн дунд сургууль, 1959 онд ЗХУ-ын Москва хотын Уул уурхайн дээд сургуулийг далд уурхайн ашиглалтын инженерийн мэргэжлээр тус тус төгссөн.
Г.Рэнцэндорж нь 1960–оноос Налайхын нүүрсний уурхайн Ашиглалтын III хэсэгт ээлжийн инженерээр ажил, хөдөлмөрийн гараагаа эхлэж, 1961 оны 10 дугаар сараас өнөөгийн ШУТИС-ийн Уул уурхайн хүрээлэн буюу тэр үеийн Түлш, Эрчим Хүчний Үйлдвэрийн Эрдэм Шинжилгээ, Зураг Төслийн институтийн Уул уурхайн зураг төслийн товчоонд төслийн инженерээр орж, зураг төслийн ерөнхий инженер, Уурхайн зураг төслийн товчооны даргаар ажиллаж байгаад 1996 онд Өндөр насныхаа амралтад гарсан боловч өнөөг хүртэл Уул уурхайн зураг төслийн компаниудын зөвлөх, гүйцэтгэгчээр ажиллаж, олон арван уурхайн зураг төсөл, ТЭЗҮ-ийг боловсруулахад биечлэн оролцож ирсэн билээ.
Тэрээр 1961-1963 онд Их хайрхан, Бүрэнцогтын гянт болд, Цахиурт, Хартарвагатай, Нүүрстхотгор, Өлзийт, Эгийнгол, Цагаан-Овоогийн нүүрсний уурхайнуудын зураг төслийг боловсруулан, анхны орон нутгийн нүүрсний уурхайнуудыг ашиглалтад оруулж, улмаар өнөөдрийн үйл ажиллагаа явуулж буй Адуунчулуун, Зээгт, Баянтээг, Тавантолгой, Баянцагаан, Талбулаг, Хөшөөт, Шивээ-Овоо, Улаан-Овоо, Ерөөлт, Алагтогоо, Элдэвийн нүүрсний, Бэрх, Хавтгай I, Өргөний хайлуур жоншны, Үнэгтийн гөлтгөний, Билүүтийн шохойн чулууны, Хараат-Уулын цайр, төмрийн хүдрийн уурхайнуудыг шинээр байгуулах төсөл, өргөтгөл, шинэчлэлтийн 100 гаруй уурхайн зураг төсөл, ТЭЗҮ-ийг боловсруулж, олон арван залуучуудыг уул уурхайн зураг төслийн ажилд сурган, дадлагажуулж, өөрийн ухамсарт амьдралаа Монгол улсын уул уурхайн салбарын хөгжилд зориулсан юм.
Ахмад уурхайчин Г.Рэнцэндоржийн хөдөлмөр, бүтээлийг төр, засгаас өндрөөр үнэлэж 1976, 1986 онд Хөдөлмөрийн хүндэт медалиар 2 удаа, 1992 онд Алтан гадас одонгоор, 2022 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнасан ба тэрээр “Тэргүүний уурхайчин” цол, тэмдэг, VI-VII таван жилийн гавшгайч, Монгол улсын уул уурхай, нүүрсний салбарын 80, 90, 95 жилийн ойн медалиудаар шагнагдаж, ОХУ-ын “Шахтерская слава III степен”-ы онцлох тэмдгийг 1987 онд хүртэж байжээ.
Ахмад уурхайчин Г.Рэнцэндоржийн уул уурхайн салбарын хөгжилд оруулсан хувь нэмэр, эгэл даруу, хүнлэг, хөдөлмөрч, хичээнгүй зан чанар бидний сэтгэл зүрхэнд үүрд мөнхөд дурсагдан үлдэх болно.
Талийгаачийн үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Ум сайн амгалан болтугай.
АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН ЯАМ.
ШУТИС-ИЙН ХАРЬЯА УУЛ УУРХАЙН ХҮРЭЭЛЭН.
УУЛ УУРХАЙНЗУРАГ ТӨСӨЛ ЗОХИОГЧДЫН ХОЛБОО.