Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан ИБУИНВУ-ын элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан хоёр улс хоорондын хамтын ажиллагаанд, ялангуяа аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн тэлэх хүсэлтэй буйгаа илэрхийлээд, аж үйлдвэр, эрдэс баялгийн салбар нь геологийн хайгуул, судалгааны ажилд маш өндөр ач холбогдол өгч ажиллахаар төлөвлөөд буйгаа дурдав. Тиймд геологи, ашиглалт, олборлолт, үйлдвэрлэл гэсэн дарааллын дагуу үйл ажиллагаагаа эрчимжүүлэх бодлого баримталж буй хэмээв.
Мөн Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам ногоон эдийн засгийг бий болгоход уул уурхайн салбарт оролцогч талуудын хамтын ажиллагааг бий болгохоор зорьж байна. Монгол Улсын Засгийн газраас ногоон эдийн засгийн шилжилтэд өндөр ач холбогдол өгч байгаа бөгөөд ногоон, хариуцлагатай уул уурхай гэсэн чиглэлийг барьж ажиллана гэдгээ дуулгахад таатай байгаагаа тэмдэглэв. Үүнд гадаадын хөрөнгө оруулагчид ч мөн чухал байр суурь эзэлнэ гэдгийг онцлов.
ИБУИНВУ-ын элчин сайд Монгол Улс нь ашигт малтмалын арвин их нөөцтэй тул уул уурхай, эрдэс баялгийн салбар нь өнөөгийн болон ирээдүйд стратегийн онцгой ач холбогдолтой салбар гэж харж байна. Тиймд Монгол Улс болон Их британи улс хоорондын хамтын ажиллагаа, ялангуяа уул уурхайн салбар дахь хамтын ажиллагааг шинэ шатанд хүргэх хүсэлтэй байгаагаа тэмдэглэв.
Уул уурхайн олборлолт болон геологийн судалгааны ажлыг хийж хэрэгжүүлэхэд тулгамддаг асуудлын нэн тэргүүнд байгаль орчны нөхөн сэргээх байдал, орон нутгийн иргэдэд харилцан ашигтай байдлыг бий болгох юм. Тиймд энэ тал дээр хамтран ажиллах талаар салбарын сайдад илэрхийлэв. Салбарын сайдын зүгээс Дорнод аймагт эрхэлж буй үйл ажиллагаа тун удахгүй эхэлж, үр дүнг нь бий болгоно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд, Уул уурхайн долоо хоног “Мining Week, Mine Pro 2024” арга хэмжээнд оролцохыг урив.
#Аж_үйлдвэр_эрдэс_баялгийн_яам