Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Жавхланбаатар Геологийн алба үүсгэн байгуулагдсаны 85 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлэв
Монгол Улсад Геологийн алба байгуулагдсаны 85 жилийн ойг тохиолдуулан газар, дэлхийгээ судлан, эрдэс баялгийн нөөцийг нээж, улс орныхоо хөгжил, ирээдүйн төлөө оюун ухаан, эрдэм мэдлэг, хүч хөдөлмөрөө зориулж ирсэн үе үеийн геологчид, эрдэмтэн судлаачид, геологийн салбарын нийт ажилтан, ажиллагсад Та бүхэндээ Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье!
Геологийн салбарын үйл ажиллагаа бол Улсын хөгжлийг тодорхойлох үндэс суурь байдаг тул 1939 онд “…үйлдвэрийн төрөл бүрийн ашигт малтмалын түүхий эд болон түлш, бусад төрлийн ашигт малтмалуудыг эрж тэмтрэн олох, ашиглах ажлыг явуулах уурхай ба ашигт малтмалын трест…”-ийг, харин 1957 онд БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлигаар Сайд нарын Зөвлөлийн дэргэд Геологи шинжилгээний удирдах газрыг байгуулсан шийдвэрүүд гарcан нь салбарын түүхийн хуудсыг эхлүүлэх түүхэн баримт бичгүүд байсан юм.
Энэ үеэс Монголын геологийн алба нь Дорнод, Чойр, Хөвсгөл, Ховд, Баянхонгор, Дархан гэх зэргээр төв, орон нутагт салбартай, дотооддоо мэргэжилтнээ бүх түвшинд бэлтгэдэг, Эдийн засгийн хамтран туслалцах гишүүн орнуудын Геологийн салбарыг ахлан тухайн үеийн Орос, Чехсловак, Герман, Польш, Унгар, Болгар гэх зэрэг улсуудтай хамтран олон зуун ордыг манай хайгуулчид нээсээр ирсэн.
Геологийн салбар бол геологич, хайгуулч, палеонтологич, гидрогеологич, инженер гелогич, геофизикч, геохимич, өрмийн инженер, хүрээлэн буй орчин судлалын гээд байгаль, техникийн олон мэргэжлийг эгнээндээ хамруулсан өргөн цар хүрээг хамарсан дэлхий судлалын үндсэн хэсэг юм. Нягт уялдаа холбоо бүхий салбарын олон мэргэжилтнүүдийн хүч хөдөлмөрөөр өнөөдөр Монгол орны нийт нутаг дэвсгэрийг хамарсан 1:1000 000-ын масштабтай геологи, тектоник, ашигт малтмал, гидрогеологийн төрөлжсөн олон зургууд зохиогдсоноос гадна 1:200 000-ын масштабтай зураглалын ажлаар нийт нутаг дэвсгэрийг 100%, 1:50 000-ны масштабтай геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлаар 47% бүрхэж, ашигт малтмалын 80 гаруй төрлөөр 3000 орчим орд, 10000 гаруй илрэл олж тогтоосноос Эрдэнэт, Цагаан суваргын зэс-молибден, Төмөртийн овоо, Улааны цайр-хар тугалга, Жанчивлангийн цагаан тугалга, гянтболд, Заамар, Бороо, Хан-Алтайн алт, Асгатын мөнгө, Бор-Өндөрийн жонш, Багануур, Шивээ овоо, Шарын гол, Таван толгой, Нарийн сухайтын нүүрс, Мардайн уран зэрэг ордууд нээгдэж улс орны эдийн засагт томоохон хувь нэмэр оруулж байгаа нь геологич та бүхний нөр их хөдөлмөрийн үр шим гэдгийг тэмдэглэх нь зүйтэй.
Салбарын түүхт ойгоо тэмдэглэн байгаа манай салбарынхны өмнө амжилтаа дүгнэж, дараагийн шинэ үеийн түүхийг эхлүүлэх, улс эх орныхоо хөгжилд салбараас оруулах үр өгөөжийг өсгөх, эх орныхоо тогтвортой хөгжлийн суурь баталгааг бий болгох цаг үетэй золгоод байна.
Шинээр байгуулагдсан Засгийн газрын зүгээс геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлын цар хүрээг нэмэгдүүлэх, дэлхийн түвшиний шинэ техник, технологи нэвтрүүлэх, судалгааны ажлын үр дүнгээр тогтоогдсон хэтийн төлөв бүхий талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажлыг эрчимжүүлэх, улмаар бүх төрлийн түүний дотроос чухал ашигт малтмал болон дэлхий дахинд хурдацтайгаар эрэлт хэрэгцээ нь өсөн нэмэгдэж буй өндөр технологийн түүхий эдийн нөөц баялгийг өсгөх, уул уурхайн тогтвортой хөгжлийг хангах бодлого баримтлан ажиллаж байна.
Судалгаа, шинжилгээ, хайгуул, олборлолт, боловсруулалтад дэвшилтэт технологийн ашиглах, олон улсын сайн туршлагыг нутагшуулах, инновац нэвтрүүлэх, хүний нөөцөө бэлтгэхэд онцгой анхаарч ажиллах болно.
Үндэсний геологийн албыг сэргээн байгуулснаас хойш олон улсын хамтын ажиллагааг дараагийн түвшинд гаргах, дээрх зорилтуудыг хэрэгжүүлэх үүднээс Бүгд Найрамдах Солонгос Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс, Канад Улс, Бүгд Найрамдах Польш Улс, Бүгд Найрамдах Франц Улсын Геологийн албадтай хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулан хамтарсан төсөл хэрэгжүүлэх, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх зэрэг ажлууд амжилттай хэрэгжиж байна.
Эрдэс баялгийн салбарын талаарх төрийн хууль, бодлогын баримт бичгүүд нь манай ард түмний эрх ашиг, улс орны хөгжил, дэвшил, гадаад харилцааны таатай орчныг бий болгох зангилаа асуудлыг шийдвэрлэх эрх зүйн тулгуур тул манай яамны зүгээс ойрын хугацаанд хэрэгжүүлэх ажил бол салбарын эрх зүйн орчныг хөрөнгө оруулагч нарт ээлтэй, тэдний хууль ёсны эрх ашгийг хамгаалсан, оролцогч талуудын эрх үүргийг илүү тодорхой болгосон, хариуцлагатай уул уурхайг дэмжсэн зарчмын хүрээнд боловсруулж, Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг батлуулах явдал юм.
Энэ ч утгаараа улс орон, ард түмний эрх ашигт нийцсэн, Монгол орны ойрын болон ирээдүйн хөгжлийн чиг хандлагатай уялдсан, геологи-уул уурхай, газрын тос, аж үйлдвэрийн салбарын тогтвортой хөгжлийг хангахуйц хууль эрх зүйн орчныг улам бүр боловсронгүй болгоход салбарын яамны зүгээс анхаарал хандуулан ажиллаж байна. Геологи, уул уурхайн үйлдвэрлэлийг Монголд хөгжүүлэхдээ эцсийн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр бүхий орчин үеийн аж үйлдвэржсэн орон болох зорилго тавьж байгаа бөгөөд энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд геологчид, судлаач шинжээчид, үйлдвэрлэгч Та бүхэн идэвхтэй оролцож, хошуучлан ажиллана гэдэгт итгэж байна.
Геологич Та бүхний алх нь мэргэн, хараа хурц байх болтугай.
Та бүхэндээ 85 жилийн ойн баярын мэндийг дахин хүргэе!