ЭМГЭНЭЛ ГОМБОЖАВЫН ДОРЖ (1936 -2024)
Геологи, уул уурхайн салбарын ахмад ажилтан, Геологи уул уурхайн яамны нэгдүгээр орлогч сайд асан Г.Дорж 2024 оны 11 сарын 30-ны өдөр таалал төгсч бидэнд хүнд гарз тохиолоо.
Гомбожав овогтой Дорж нь 1936 онд Өвөрхангай аймгийн Уянга сумын Олон сүм гэдэг газарт малчин ард Б.Зэдээбазарын 4 дэх хүү болон мэндэлжээ.
Багадаа нутгийнхаа Дархан овогт Гомбожав хэмээх айлд үрчлэгдэн, Уянга сумандаа бага сургууль төгсч 1949 онд Улаанбаатар хотод Санхүү, эдийн засгийн техникумд элсэн суралцаж, Үйлдвэрийн нягтлан бодогч мэргэжил эзэмшсэн байна.
Тэрээр 16 наснаасаа ажил хөдөлмөрийнхөө гараагг эхэлж Аж үйлдвэрийн яамны харьяа Нэгдсэн хэрэгцээний газарт тооцооны нягтлан бодогчоор ажиллан, улмаар Нарийн төмөр замын газарт нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч, Ерөнхий нягтлан бодогч хүртэл өсөн дэвшиж ажиллаж иржээ.
Г.Дорж залуу нас, халуун сэтгэл, хөдөлмөр зүтгэлээ улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө харамгүй зориулж Монгол Улсын аж үйлдвэрийн ууган голомт Налайхын нүүрсний үйлдвэрт Ерөнхий нягтлан бодогчоор 1956-1960 онд үр дүнтэй ажиллаж байгаад Намын хорооны шийдвэрээр тус Үйлдвэрийн аж ахуй санхүү эрхэлсэн орлогч даргаар томилогдон ажилласан байна. Ийнхүү Г.Дорж нь үйлдвэр, аж ахуйн газарт идэвхи зүтгэлтэй ажиллаж ирсэн тул түүнийг 1961 онд Аж үйлдвэрийн яаманд санхүүгийн мэргэжилтнээр дэвшүүлэн томилжээ. ЗХУ-д Дээд сургуульд суралцах илгээлт олгосон бөгөөд 1967 онд Эрхүү хотын Улс ардын аж ахуйн дээд сургуулийг аж үйлдвэрийн эдийн засагч мэргэжлээр дүүргэсэн.
Г.Дорж гадаад, дотоодын их, дээд сургуулийн эрдэмтэн багш нараас суралцсан эрдэм мэдлэг, ур чадвар, дадлага туршлагаа аж үйлдвэр, эрчим хүч, геологи, уул уурхайн салбарын хөгжлийн төлөө зориулж, Аж үйлдвэрийн яаманд хэлтсийн дарга, орлогч сайд, мөн Геологи уул уурхайн үйлдвэрийн яамны орлогч сайд, нэгдүгээр орлогч сайдаар 10 жил ажилласан байна.
Г.Дорж манай оронд хамтын ажиллагааны цоо шинэ хэлбэр болох уул уурхайн хамтарсан үйлдвэр байгуулах үйл хэрэгт анхнаас нь идэвхитэй оролцож монгол ,оросын хамтарсан “Монголросцветмет” нэгдэл, “Эрдэнэт” үйлдвэрийн зөвлөлийн гишүүнээр томилогдон цөөнгүй жил ажиллан дээрхи үйлдвэрүүдийг аж ахуй, зохион байгуулалтын хувьд бэхжүүлэх, санхүү эдийн засгийг дээшлүүлэхэд өөрийн мэдлэг чадвараа дайчлан ажилласан юм. Түүгээр ч үл барам “Монголросцветмет” нэгдлийн ерөнхий нягтлан бодогчоор томилогдон зах заалийн эдийн засагт шилжих шилжилтийн үеийн хүндрэлийг даван туулахад хамт олны идэвхийг өрнүүлж чадсан байна.
Г.Дорж 1983 онд Москва хот дахь Олон улсын хөрөнгө оруулалтын банканд бүртгэл тооцооны газрын захирлаар 6 жил томилогдон ажиллаж ирээд 1990-1993 Монгол- Чехословакийн хамтарсан үйлдвэрт Дэд захирлаар ажиллаж байлаа.
Мөн “Эрэл” банкийг үүсгэн байгуулалцаж, тус банкны захирлаар 7 жил ажиллаад 2004 онд өндөр насны тэтгэвэрт гарсан.
Тэрээр өөрийн ухамсарт амьдралынхаа 40 гаруй жилийг улс орныхоо хөгжил, түүний дотор геологи, уул уурхайн салбарын хөгжил дэвшилд зориулж иржээ. Г.Доржийн хөдөлмөр, бүтээлийг төр засаг өндрөөр үнэлж, 1981 онд “Алтан гадас” одон, 1991 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 2022 онд “Аж үйлдвэрийн гавьяат ажилтан” цол тэмдгээр шагнажээ.
Г.Доржийн ажилч хичээнгүй зүтгэл гарган ажилладаг, найрсаг нөхөрсөг зан чанар бидний сэтгэлд үүрд мөнхөд дурсагдан явах болно.
Монгол улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
Монгол улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Ахмадын зөвлөл
Монголын эрдэс баялгийн салбарын Ахмадын нэгдсэн хороо